Б.Шүүдэрцэцэг:Миний багын шүтээн, гоо үзэсгэлэнгийн тэнгэр бол жүжигчин Н. Сувд

“Домогт Ану Хатан”, “Хотол цагаан гүнж”, “Үүлэн хээтэй орчлон” зэрэг түүхэн романаар танигдсан зохиолч Б.Шүүдэрцэцэг цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг нэгэн билээ. Түүний цахим хуудсаас эх хэлний гайхамшиг, баялаг, уран бүтээлийн олз омог гээд л зохиолч бүсгүйн дотоод ертөнцөөр аялах шиг л болдог. Түүнийг өнөө цагийн чадалтай эмэгтэйчүүдийн нэг гэхэд хилсдэхгүй.

Зохиолч бүсгүй өөрийн цахим хуудаснаа Ардын жүжигчин Намсрайн Сувдын талаар “Мөнх үзэсгэлэнт Сувд эгч Миний багын шүтээн, гоо үзэсгэлэнгийн тэнгэр бол жүжигчин Н. Сувд эгч байлаа. Бүр Мандхай хатанд тоглохоос нь хамаагүй өмнө, би нэг хоёрдугаар ангидаа л “Хань” киноны Наран, “Анхны хайрын дууль”-н хороон даргын охин Янжингийн дүрээр нь түүнийг мэддэг байв. Би лаборатори нэгдүгээр сургуулийн хүүхэд учраас Драмын театрын хажуугаар их явна. Тэнд хотын ХЗЭ-н тэргүүний залуусын зурагтай хүндэт самбар байв. Тэр хүндэт самбарт тас хар задгай үстэй, цасан цагаан үсний тасамтай /кист/ Н. Сувд эгчийн танан шүдээ гялалзуулан инээмсэглэсэн зураг байдгийг би хажуугаар нь явах бүрдээ харж удаан зогсдог байсан юм.
Сайхан хүүхэн, тийм залуудаа алдрын титэм өмссөн бүсгүйн тухай мэдээж, хүмүүс ам дамжин ярих нь ч зөндөө.

Манайх Барилгын яамны зусланд Гоодойд гардаг байв. Наадмаар зуслангаараа нийлж, ямаа бооно. Нэг удаа наадмаар томчуудын яриаг халти сонсоход манай зуслангийн нэг ах “Сувд мөн ч сайхан хүүхэн шүү. Мандухай хатанд тоглох юм гэнэ” гэвэл, гэргий нь “За яршиг, нээх том амтай” гэхэд, айлын эгч нар “Гэхдээ л мөн ч гоё цагаан шүдтэй, нуруулаг хүүхэн шүү” гэцгээн тэр оройдоо л түүний тухай бөөн яриа болж билээ.
Надад энэ хүний тоглосон дүр бүхэн нь сайхан, хараад л баймаар өвөрмөц гоо үзэсгэлэнтэй санагддаг.

Одоо хальс нь алга болсон гээд гарахаа больсон ” Солонгын таван өнгө”гэж кинон Н.Сувд эгч галзуурч тоглодог. Ийм гоё хүнийг яаж байгаан болоо, ийм муухай дүрд тоглуулаад гэж би багадаа боддогсон.
Надад тоглосон дүрүүдээс нь хамгийн гоо үзэсгэлэн бүрдмэл санагддаг нь “Буш хүүгийн үлгэр”-ийн лусын хааны их гүнж. Армаг тармаг цасан дунд харзалсан булгийн ус оргилж байснаа, хоргой дээлтэй, нүд гялбам гоо дагина болж биежээд ирдэг дээ. Мөн ч гоо үзэсгэлэнтэй, жинхэнэ монгол үлгэрийн дагина тийм л байсан байх гэж ой тойнд минь тэр чигээрээ зураг шиг л үлдсэн сэн. Гэтэл хүмүүс жүжигчин Цэмпилмаа гуайн тоглосон шулам, эсвэл наран авхайг Н. Сувд гэж одоо ч андуурдаг юм билээ.

Сайхан хүн гэж гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэж явдгийг би н. Сувд эгчтэй бүр сэтгүүлч байхдаа танилцаад л мэдэрсэн.
Гэрэл цацалсан инээмсэглэл, тасралтгүй уншиж, өрөөнд нь орох бүрд заах хичээлийнхээ лекцэд бэлтгэх буюу, орчуулга хийж суудаг нь, дандаа хүнд урам дэм өгч чаддаг чанар нь гайхамшигтай. Том жүжигчин байх гэдэг асар хүнд хөдөлмөр байдгийг үзэгчид тэр бүр мэддэггүй. Гоё хувцаслачхаад л, зохиолчийн бичсэнийг цээжлээд тайзан дээр дуржигнуулчихаад, ярилцлага өгөөд явдаг юм биш. Дэлхийн сонгодог жүжиг, том түүхэн дүрд жүжигчин хүн зүрх сэтгэлээ шатааж, утаанд нь угаартах дөхөж, ухаанаар л тоглодог. Тиймээс гол дүрийн жүжигчинд гоо сайхнаа хадгалахын хамт, асар их унших тархины цэнэг, дундаршгүй эрч хүч хэрэгтэй байдаг. Зохиолчийн нүдээр харахад Н. Сувд эгч тийм л хүн.
Хар залуугаасаа хүн хүний хараа булааж, сэтгэл татам сайхан явснаасаа, алдар нэрийн сүүдэрт жиндэж, атаа хорслын галд төөнүүлж явсан хүнээс л гарах ууч нинжин сэтгэл, уужуу холч ухаан түүнээс л гардаг. За, тэгээд хэзээ ч, хаана ч ямагт гоё сайхан явж чаддаг нь ч бишрэм.
6 жилийн өмнө намайг “Ану хатан” жүжгээ тавих гэж зүтгэж явахад УДЭТ-н уран сайхны удирдагч, Н. Сувд эгч надад хамгийн их сэтгэлийн дэм өгсөн. “Шүүдэрээ, битгий шантраарай. Бүх бэрхшээлээ давчхаад, хөшиг нээгдэх агшин ямар сайхан гэж чи бодно” гэж тэр хэлж байсан юм.

Ер нь дэлгэц эзэгнэсэн цэцэн Мандухайн дүрээрээ 17-хон насанд минь намайг эзэмдэж, монгол хатдын цадиг амилуулах шүншиг хайрласнаа өөрөө ч мэддэггүй байх.

Нэг удаа жүжгийнхээ сургуулилтын завсарлагаар гараад зогсч байтал, драмын театрын харанхуй хонгилоор шавхийсэн гоолигхон нуруутай, шаавай өндөр хүүхэн өөдөөс ирж яваа харагдсан юм. Хэн юм болоо? гэж сонирхон харж байтал, шатны чөлөөний гэрэлд нөгөө хүүхэн гараад иртэл гоё хослол, урт түрийтэй гутал өмссөн Сувд эгч гунхалзаж байв. Дал шахаж явсан ч тийм л гоо үзэсгэлэнтэй хэвээрээ явсан. Одоо ч сайхнаараа.
Дараа нь “Ану хатан” киноны нээлтэд нөгөө л сайхан инээмсэглэлээ цацруулаад л ирсэн. Төгсөв гэсэн бичиг нь гарахад “Ямар том бүтээлийн ард гарав аа, баяр хүргэе!” гээд намайг үнссэн.
Энэ хавар ХотолЦагаан Гүнж романы нээлтэд Н.Сувд эгч ирээд “Одоо энэ хүүхэд юу бичих бол, ямар кино хийх бол? гэж Шүүдэрээгээ хүлээдэг болжээ” гэсэн. Сая бас, ЖейнЭйр романы нээлтэд “Нора” жүжгийнхээ хувцсыг өгөөд, амжилт хүссэн. Хичнээн том урам билээ. Миний сэтгэлд мөнхийн гоо үзэсгэлэнт дээ, АЖ, Төрийн соёрхолт жүжигчин Н. Сувд эгч маань” хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …