БНСУ-ын ЭСЯ-аас 2007 оны зургаадугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь Солонгос улсын ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийн хураамжийг буцаан олгож эхэлжээ.
Энэ нь Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан гаргасан шийдвэр юм байна. Судалгаагаар дээрхи хугацаанаас хойш нийт 3000 гаруй иргэнд визийн хураамжийн төлбөр буцааж олгох тооцоо гарсан бөгөөд одоогоор /есөн сарын байдлаар/ 360 гаруй иргэнд буцаан олгоод байгаа аж.
Визээ мэдүүлээгүй иргэд хураамжээ буцаан авахдаа визийн хураамж төлсөн мэдүүлэг, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн нэр дээрх хадгаламжийн дансны хуулбарыг авч ирэх юм байна. Иргэд баримтаа бүрдүүлж өгснөөс хойш дараах сарын 15-ны дотор шийдэгдэх аж.
Г.Сонор ugluu.mn