Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний 87 чиглэлд 937 тээврийн хэрэгслээр /шөнийн тээвэр-4/ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэдэг.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж үйлчилгээний автобус хоорондын интервал холдон, хүлээгдлийн хугацаа нэмэгдэж, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэргээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг тулгамдсан асуудал үүсээд байна.
Иймд ачааллын ид үе өглөө, оройд явах автобусны тоог нэмсэн байна.
Өглөөний оргил ачааллын үед:
Өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй 5 цэгээс /Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ 6 чиглэлд тус бүр 1 автобус явуулж байна.
Оройн оргил ачааллын үед:
17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ. Үүнд: 8 аж ахуйн нэгж байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийг өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн байна. Ингэснээр Орой 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 73-аар нэмэгдүүлж 855 автобус,
21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 91-ээр нэмэгдүүлж 670 автобус,
22:30 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 49-өөр нэмэгдүүлж 310 автобус тус тус ажиллахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Иргэдийн санал хүсэлтээр хот орчмын болон алслагдсан 20 гаруй чиглэлд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн зохицуулалт хийсэн байна.
Ажлын өдрүүдэд оройн 18:10-19:50 цагийн хооронд хотын төвийн ачаалал ихтэй МУБИС, Мөнгөн завъяа, Ард кино театр, Ионсей эмнэлэг зэрэг цэгүүдээс 20-30 минутын давтамжтайгаар хотын захын 7 чиглэлд тус бүр 4 автобус явуулах төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Энхтайваны өргөн чөлөөний дагуу автобусны 1-р эгнээ болон бусад ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс Замын Цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран тус газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлээд байна.
Тухайлбал 2017 оны 11-р сарын 21, 22-ны өдрийн мэдээгээр автобусны хөдөлгөөнд саад учруулсан болон зогсоол дээр удаан зогссон 408 зөрчил илрүүлж, 123 зөрчилд сануулах, 114 зөрчилд 2 сая 320 мянган төгрөгөөр торгох, 10 зөрчилд бичиг баримт хураасан, 161 зөрчлийг баталгаажуулан ЗХУТ-д хүргүүлэн, шуудангаар торгууль илгээх арга хэмжээг тус тус аваад байна.
Нийтийн тээврээр зорчигчид UB Smart bus application-ийг гар утсандаа татаж сонгосон чиглэл дээрээ даран хүлээж буй автобус чинь аль буудал дээр явж байгааг шууд онлайнаар мэдэх боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар