Ард иргэдээ орох оронтой болгох нь аль ч улс орны эрх баригчдын хувьд толгойны өвчин байсаар ирсэн.
Монголчууд ч тэднээс дутахгүй гэсэндээ 100 мянган айлын орон сууц, зургаан хувийн зээл, Төрийн албан хаагчдын 4000 орон сууц гээд хэчнээн сайхан “мөрөөдөл”-тэй байв даа. Даанч “Үнийн хөөрөгдөл, банкуудын дампуурал, нийлүүлэлтээсээ хэд давсан орон сууцны эрэлт хэрэгцээ” гээч хадны мангаануудад хэдэн талаасаа хавчуулагдаж, хазуулсаар “Хэзээ нэгэн цагт орон сууцанд орно доо” гэсэн гэгээн мөрөөдөл, энэ насныхаа гол зорилгодоо цэг тавихаас өөр аргагүй болсон нь хөөрхийлөлтэй.
Ард түмэн орон сууцтай болох насны мөрөөдлөө таягдан хаяад удаагүй байтал шинэчлэлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ “Өмнөх Засгийн газрын болчимгүй алдааг давтахгүй. Тэд үнэхээр муу хүмүүс байж. Бид орон сууцнуудыг гэрлийн хурдаар босгож, хамгийн гол нь орон сууц хүссэн хүн бүрт найман хувийн зээл олгож, насных нь мөрөөдлийг биелүүлнэ” хэмээж нэг хэсэг пижигнүүлсэн нь үнэн.
Өнөөдрийн байдлаар найман хувийн хүүтэй орон сууцны зээл иргэдэд хүрээд сар хагас болж буй.
Энэ хугацаанд өмнө олгосон хуучин ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирж. Үүнээс банкууд 16009 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 447.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн гэнэ.
Харин иргэд 443.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 7301 иргэнд 411.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлээд байгаа юм байна.
Гэвч энэ сайхан эхлэл удаан үргэлжлэхгүй бололтой. Бүтээн байгуулалтын ажил хавар, зуны зургаахан сард идэвхтэй өрнөдөг манай орны тухайд 2013 оны санхүүжилт нь цагтаа хийгдэж чадаагүйгээс барилгын компаниудын ажил оройтож эхэлсэн. Нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээнээсээ хоёр дахин удаан явж байгаа болохоор банкууд найман хувийн зээл хүсэгчдийн материалд даруулаад байгаа. Банкууд энэ зовлонгоос салахын тулд гайхалтай нарийн арга бодож олсон нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэх “Зэлтэрийн гацаа” төлөвлөгөө байв.
Орон сууцанд орох ганцхан мөрөөдөлтэй ч 30 хувийн урьдчилгаа төлбөр дээр гацчихаад байсан монголчуудыг зогсоох мэргэн арга нь урьдчилгаа төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх “Зэлтэрийн гацаа” гэдгийг арилжааны банкны архаг эдийн засагчид олж харжээ. Тэд ч туйлын мэргэн санаагаа тун удалгүй ажил хэрэг болгоод эхэлж. Ингээд л зээлээд ч хамаагүй орон сууцтай болох гэсэн монголчуудын мөрөөдлийг арилжааны банкууд дэвслэн хаяж эхлэв.
“Хас” банк энэ сарын 11-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөрийг нийслэлд 50 хувь, орон нутагт 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөлийг тогтоох журмын зээлийн ерөнхий нөхцөлийн 2.4-т зааснаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүртэлх хувь байна.
Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгайлан тодорхойлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна гэж заасан.
Харин эрсдэлээ тооцож 30-аас дээш хувь болгох эрхийг банкуудад олгосны дагуу тус банк урьдчилгаа төлбөрийг нэмсэн сурагтай. “Хаан”, “Төрийн банк”, “Голомт” банкны хувьд орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөр одоогоор 30 хувь гэгдэж байгаа ч маргааш өглөө гэхэд 50 хувь болчихсон байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл энэ бол “Зах зээлийн эдийн засгийн алтан дүрэм”.
Ийнхүү 30 хувийн урьдчилгаа төлөөд найман хувийн зээлд хамрагдаж орон сууцтай болох монголчуудын мөрөөдөл “навсайж” эхлэв ээ хөөрхий.