Өөрийн өнгө, тунгалаг байдлаа өөрчлөх чадвартай, өрөөний гэрэл адил асааж унтрааж болох ухаалаг /смарт/ шилийг Орос эрдэмтэд зохион бүтээсэн байна.
Тодруулбал, Москвагийн УИС-ийн эрдэмтэд ухаалаг шилийг шингэн талстын үндсэн дээр бүтээсэн бөгөөд 1 кв.м нь 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлжээ. Хэдий өндөр үнэтэй ч эл шилийг албан байгууллагууд офисуудын тусгаарлагч хануудын зориулалтаар ашиглах болсон бол томоохон авиа компаниуд онгоцны гэгээвчээ ухаалаг шилээр сольж, хөшигнөөс татгалзаж эхэлсэн байна. Мөн авто машин үйлдвэрлэгчид жолоочийн нүдийг дэндүү хурц машины гэрэл гялбахаас хамгаалж, арагш харах толинд смарт шилийг ашиглах болж. Учир нь ухаалаг шил хэт их гэрэлд өнгөө хувирган бараан болгож, жолоочийн нүд гялбахаас сэргийлж чаддаг аж.
Ажиллах горимын хувьд ухаалаг шил дээр тог өгөгдөхгүй бол тунгалаг хэвээрээ байна. Харин цахилгаан унтраагуурын товчлуурыг дармагц л хамгийн ердийн мэт шилэн хавтан хөхөрч тунгалаг биш болон бараан өнгөтэй болох аж. Ийнхүү шил өнгөө хувиргасан үед шилийг нэвт юу ч харагдахгүй гэнэ. Харин товчлуурыг дахин дарахад шил эргэн тунгалаг шил болон хувирдаг юм байна.
М.Сониуч