1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр 11-р сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласан байдаг.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян анх 1991 онд 23 оролцогч улстай эхэлж байсан бол өдгөө 187 орны 5167 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний аян болоод байна.
Энэхүү дэлхийн аян нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил мөн гэдгийг бататгаж, хүчирхийлэлтэй тэмцэхэд арга хэмжээ авахыг уриалах зорилготой үйл ажиллагаа юм.
Энэ аяныг Монгол улсад анх 1997 оноос зохион байгуулж, Олон улсын байгууллагууд, Төрийн болон Төрийн бус байгууллагууд нэгдэн, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд өөрийн дуу хоолойгоо илэрхийлсээр байна.
Энэ жилийн аянд НҮБХАС, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг яамд хамтран оролцохоор болжээ. Мөн залуу уран зураач Х.Ариунзаяа оролцож “Нүдээ нээ- Нүцгэн үзэсгэлэн” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтээ хийж байна.
Монгол улсад энэхүү аяныг “Хүчирхйилэлд үгүй гэж хэлье!” уриатайгаар зохион байгуулж, аянаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн тоон мэдээ буурахгүй, өсөлттэй байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах, энэ чиглэлд анхааран ажиллахыг уриалах юм.