“Ирц нь хүрэхгүйгээс болж хуралдаж чадахгүй байгаа” гэх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа харин ч эсрэгээрээ хэвийн үргэлжилж байна. С.Амарсайхан хурлын даргаар томилогдсноос хойш өдийг хүртэл буюу сар гаруйн хугацаанд Тэргүүлэгчдийн ээлжит хурлыг 100 хувийн ирцтэйгээр гурван удаа, НИТХ-ын ээлжит бус хурлыг 91.1 хувийн ирцтэйгээр нэг удаа, НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг 66.6 хувийн ирцтэйгээр нэг удаа хуралдуулжээ.
Өөрөөр хэлбэл НИТХ-ын үйл ажиллагаа харин ч “идэвхжиж” ирц өндөртэй хуралддаг болжээ гэж харагдаж байна.
Гэтэл НИТХ-ын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байхад “ирц хүрэхгүй байна”, “С.Амарсайхан хурлаа удирдаж чадахгүй байна” гэж мэдээлэл бэлтгэж олон нийтийг төөрөгдүүлэх хүсэл сонирхолтой бүлэг хүмүүс байх шиг байна. Цаана нь ямар ашиг сонирхол байгаа болоод хурлын үйл ажиллагааг гацсан мэтээр мэдээлэл бэлтгээд байгааг ойлгохгүй юм.Хэрэвзээ хурлын ирц хүрэхгүй, хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа бол хурлын даргаас бус харин ирцэд нөлөөлж, шантаач хийж байгаа төлөөлөгчдөөс шалтгааныг нь асуух ёстой баймаар. Үнэхээр ийм асуудал байгаа бол хурлын ирцээс хойш татаж байгаа төлөөлөгчдийн нэрсийг олон нийтэд зарлаж, яагаад хурал таслаад байгаа шалтгааныг нь тогтоож, үнэхээр хуралдаа суух сонирхолгүй бол нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авсан ч болох юм.
Гэтэл санаатайгаар хурлын ирцэд нөлөөлж буй энэ үйлдлээ хурлын даргын гэм буруу мэтээр тайлбарлаж, хэвийн явагдаж байгаа үйл ажиллагааг гацсан гэж мэдээлж, түүгээрээ олон нийтийг төөрөгдүүлж, нийслэлийн ажилд хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж буй бүлэг этгээдийн буруу үйлдлийг зөвтгөн бичиж байгаа нь хэр оновчтой вэ. Эсвэл НИТХ-ын үйл ажиллагааг өмнөх даргаас ч илүү удирдаж, ирц өндөртэй, идэвх чармайлттай ажиллаж байгаа нь хэн нэгнийг бухимдуулав уу? Тэгээд л уурлаж, бухимдсандаа ирцэд нөлөөлөхийг оролдож, болохгүй бол хурлын үйл ажиллагаа гацсан мэтээр мэдээлэл түгээж, сэтгэлээ тайвшруулж суудаг юм болов уу даа. Иргэдийнхээ төлөөлөл болж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр 45 төлөөлөгч энд хуралдаж байна. НИТХ бол Нэг хүний эрх мэдэл, эд хөрөнгийг захиран зарцуулахаад хуралдаж буй төлөөлөн удирдах зөвлөл биш шүү дээ.
Хэн юу бичиж, хэн хурлын ирцэд нөлөөлж байгаа нь ойлгомжтой байхад, өөрсдийгөө муухай харагдуулсан ийм явуургүй үйл ажиллагаагаа НИТХ-ын төлөөлөгч нэртэй хэсэг бүлэг хүмүүс зогсоож, сонгогдсон тойрогтоо чиглэсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.