Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөрТөрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 64375 залуусын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг нээж хэлсэн үгэндээ,
-Монгол Улсын Иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Мөн манай улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой, тогтвортой байлгахын талаар анхаарч ажиллаж байна.
Монгол Улс залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг боллоо. Улсын Их Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” 2018 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр 21 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаж, сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд болон хууль эрхзүйн үйлчилгээнд холбон зуучлах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжин ажиллана.
Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээн, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч, ажиллан, улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна.
Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй та бүхэн Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Залуус УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг, спорт, бизнес, нийгмийн салбарын шилдгүүдээс иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай уншлаа.
Монгол Улсын иргэний андгайд:
Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,
Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна хэмээжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.