Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Токио хотод өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, өөрийн хүсэлтээр зодог тайлж буйгаа зарласан билээ. Харумафүжи Д.Бямбадорж хэвлэлийн хурлын эхэнд Японы Сүмо бөхийн холбоо, сүмо бөх сонирхогчдоосоо уучлал хүссэн бөгөөд албан ёсоор зодог тайлсан тухайгаа хэллээ. Уг мэдэгдэл олон сүмо бөх сонирхогчдын сэтгэлийг шархлуулж, сүмо бөхийн түүхийн хуудаст бичигдэхүйц үйл явдал болж өрнөлөө.
Харумафүжи Д.Бямбадоржын зодог тайлсан тухай зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр “Бидний махан нүд ил байгаа зүйлийг л хардаг. Хүний зүрх сэтгэлийн гүнд буй шархыг бүү хэл тэр хүнээс дусалсан хөлс, уссан нулимсыг ч бодьтой олж харж чадахгүй. Толгойдоо шархтай нь хохирогч болсон ч хүсэл мөрөөдөлтэйгөө үлдлээ. Харин зүрхэндээ шархтай нь буруутан болж хамаг сайхан ирээдүй, олон олон амжилтаа орхилоо.
Хүнийг үгээр үхүүлж, үгээр амьдруулдаг боловч бид зөвхөн үйлдэлд л анхаардаг. Тэр өдөр архинаас болж зодоон болоогүй гэж Харумафүжи Бямбадорж мэдэгсэн байна. Тэгвэл юу түүний цээжний гүнд унтаж буй уур хилэнг сэрээсэн байх вэ? Үг, өдөөн хатгалга л сэрээж орхиж. Ямар ч хүний дотор бурхан чөтгөр хоёулаа нуугдаж байдаг. Бурханыг сэрээвэл бурхан сэрж, чөтгөрийг сэрээвэл чөтгөр л сэрнэ. Яг ийм л зүйл болж. Аварга маань хэрийн юманд уурлаж тэвдэхээргүй номхон дөлгөөн, ууч нинжин сэтгэлтэй хүн санагддаг. Ингэж нэгнийхээ мууг үзэх хэрэг байсан юм уу гэж асуумаар санагдана.
Биеийн шарх нэг л мэдэхэд анина. Харин зүрх сэтгэлийн шарх арилахгүй сэдэрсээр л байдаг. Сайхан аварга минь цээжин дотор чинь уул нурж, ус мөрөн ширгэж байсан ч ууч нинжин сэтгэлтэй монголын ард түмэн чамайг ойлгон хайрлах болно оо. Яг юу болсныг тоочиж шалчигнахгүй, доторхоо онгойлгож уужрахгүй, хүн муулахгүй, биеэ өмөөрөхгүй алдаагаа цэвэр өөртөө үүрэн их сумогоо орхиж байгаа аваргаа хараад нулимс гарч байна. Эр хүн шиг эр хүн гэдгийг чинь монгол мэднэ. Иймхэн алдаанаас чинь болж бид чамайг хайрлахаа болихгүй. Эх орондоо ир ээ” гэж бичжээ.