Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан.Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон юм.
Тэрбээр Холливүүдийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинезийн “General Commander” телевизийн олон ангит кинонд ханьтайгаа хамтарч тоглохоор болжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа”Монгол хүнийг Холливүүдийн өргөн дэлгэцийн уран сайхны кинонд тоглуулах гэж олон жил хичээсний үр дүнд хэдхэн сарын өмнө жүжигчин, мисс Баярцэцэгийгээ “Attrition” кинонд тоглуулж чадсан билээ. Гэтэл өөрт минь кинонд тоглох санал ирнэ гэж бодоогүй явлаа. Холливүүдийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинезийн “General Commander” телевизийн олон ангит кинонд ханийнхаа хамт тоглох саналыг хүлээн авч өнөөдөр эхний зурганд орлоо. Хань маань киноны гол дүр болох АНУ-ын тагнуулын газрын тусгай ажилтан Жэйк Александрын дүрд, харин би түүний Монгол гэргий Туяагийн дүрийг бүтээж байна. Ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд кинонд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор сайхан завшаан гэж бодож байна!” хэмээн бичжээ.