Оффшортой холбоотой гэгддэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодсон уу?

УБТЗ-ын даргын албанд очихын тулд их хэмжээний мөнгө цацсан гэгддэг Д.Жигжиднямаагий фактууд их.
Тэрбээр тус газрын дарга болмогцоо халаа сэлгээ хийж, өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг албан тушаалд томилсон гэлцдэг. Улмаар УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилсон хэмээн АТГ-аас мэдээлж байсан.

Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргаар томилогдсон аж. Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэх хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдсон бол хулгайн хэргээр мөн 6 жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэх хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна гэх мэдээллийг Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өгсөн.

Энэ томилгоонуудыг цуцлуулах талаар АТГ-т удаа дараа гомдол ирсэн ч хэрэгсээгүй аж. Тиймээс Олон нийтийн зөвлөлд ханд байдаг. Олон нийтийн зөвлөл эл асуудлаар УБТЗ ХНН-д хандаж, 10 дугаар сарын 2-нд дээрх хүмүүсийг ажлаас халлаа гэсэн хариуг авсан байна. Түүний дараахан АТГ-ын хяналт шалгалтын төлөөлөл болон Олон нийтийн зөвлөлийн гишүүнтэй хамтран ажлаас халсан эсэхийг газар дээр нь очиж шалгасан аж. Гэтэл дээрх хүмүүсийг ажлаас халах бус орлогч болгон ажиллуулж буй нь илэрчээ.

Г.Баасан “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодож байна. Энэ албан тушаалтнуудыг томилохдоо АТГ-аас ашиг сонирхлын тодорхойлолт аваагүй атлаа Ийгл телевизээр “авсан” гэж гүжирдсэн. Энэ асуудлаар АТГ Д.Жигжиднямаад хариуцлага тооцоогүй. Харин одоо энэ асуудлаар дахиад хариуцлага нэхэхээр орлогч болгоод тохуурхаж, тоглож байна. Д.Жигжиднямаа АТГ-ын захиалагч нь уу” хэмээгээд энэ асуудлаар АТГ-ын дарга Х.Энхжаргалд хандаж буйгаа мэдээлсэн.

Түүнчлэн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирсэн байдаг. Тэр нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт аж. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн ” УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан” гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Д.Жигжиднямаатай бас нэгэн факт гэвэл түүнийг Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн нууц ноёнтон хэмээн хэвлэлээр бичдэг.

Д.Жигжиднямаа Төмөр замын Тээвэр хариуцсан газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө “Ийст Винд” компанийн захирал байсан нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдад байдаг аж. За мөн Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх нөхөр төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удсан гэх юм билээ. Түүний эл үйлдлийг салбарын өмнөх сайд байсан М.Зоригт мэддэг ч, тэд хар багын буюу 10 жилийн анд найзууд учраас Д.Жигжиднямаа дарга улам даварсаар ирсэн гэдэг.

Мөн энд нэг зүйлийг тодотгоход, УБТЗ-ын орлогын эх үүсвэр нь транзит ачаа, төмрийн хүдрийн тээвэр байдаг. Тэрчлэн төмрийн хүдэр экспортлогч ганцхан компаниас хараат болохгүйн тулд УБТЗ нийт орлогынхоо 60 хувийг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридороос олох төслийг эхлүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УБТЗ-аар үйлчлүүлэхэд өртөг өндөртэй болгох, төмрийн хүдрийн бизнесийг Монгол Улсад цор ганцаар хийх сонирхолдоо хөтлөгдөн Д.Жигжиднямааг дэмжих болсон гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр гарч ирсэн. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын даргаар томилогдсон Д.Жигжиднямаа гэж нөхрийн талаар бичээд байвал нэлээд их юм уудлагдахаар байна. Төмөр замын даргыг томилоход уг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал хамаатай л байдаг баймаар юм. Мөн оффшорчдын нэрс хэвлэлээр бичигддэг ч энд Д.Жигжиднямаа даргын нэр хөндөгддөггүй. Өөрөөр хэлбэл оффшор бүсэд нэр нь бүртгэлтэй гэдэг Д.Жигжиднямаа шуурганы дунд чимээгүйхэн нуугдаж байгаа юм.

 

эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …