Домгоос үзэхэд Бурхан багш (Гаутам Будда) хүмүүн бидний өөрөөсөө хүсвэл зохих 8 шинж чанарыг “Агуу Хүмүүний 8 үнэн” нэртэй сургаалиар хэлж үлдээсэн гэдэг. Зэн багш Доген мөн таалал төгсөхөөсөө өмнө Буддагийн дээрх сургаалийг тодотгон тайлбарлаж үлдээсэн байдаг.
1. Багыг хүсэх
Хүслээс бүр мөсөн ангижрах нь хүмүүн бидэнд боломжгүй нь тодорхой. Ядаж л хүслээс ангижрахыг “хүсэж” байж ангижрах болохоор бас нэг хүсэл үлдчих гээд байдаг. Бүх хүслийг таягдаж хаях бодлоо хаяж багыг хүсэхийг хичээх хэрэгтэй.
2. Ханаж цадсанаа мэдэж байх
Ханаж цадахаа мэдэхгүй улс хичнээн баяжаад ч ядуу л байгаад байдаг. Байгаа юмандаа ханамжтай байж сурвал ядуу хүн ч баян мэт амьдрах.
3. Амар амгалан орших
Элдэв чимээ шуугианаас холдож хоосон орчинд ганцаар байхыг эрхэмлэх нь амар тайван жаргал юм гэж Бурхан багш тодорхойлжээ.
4. Уйгагүй хичээж оролдох
Чулуун дээрээс тасралтгүй ус дусаал байхаар чулуу хонхойж цоордгийг бид мэднэ. Уйгагүй хичээл оролдлогын үнэхээр сайхан жишээ.
5. Анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх
Яг одоо байгаа орчиндоо, энэ мөчдөө анхаарлаа хандуулж, мэдэрч амьдрах тухай ойлголт юм.
6. Бясалгах төлөвт оршихыг хичээх
Зазэн хэмээх суугаа бясалгал бол Бурхан багшийн өөрийнх нь хэрэглэдэг байсан бадамлянхуан суултаар сууж хийдэг бясалгал билээ. Түүнийг тогтмол хийж байхыг бидэнд хүсчээ.
7. Эрүүл ухаан, эрдэм мэдлэгийг хичээх
Өөрийнхөө талаар байнга эргэцүүлэн бодож, өөрийгөө ажиглаж байвал эрүүл саруул ухаанаа гээхгүй байж чадна гэж Бурхан багш тодотгожээ.
8. Дэмий хоосон ярианд оролцохгүйг хичээх
Аливаа маргаанд ялагч гэж байдаггүй, ялагдагч ч гэж байдаггүй. Өөр өөрийн байр суурийг хамгаалах төдий. Энд хэн нэг нь зөв нөгөө нь буруу гэхээсээ илүү бие биеийн байр суурийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай л яригдах юм.
эх сурвалж: budda.mn