Өвлийн эрс тэс, хахир хатуу, байшин доторх хэт хуурай агаар зэрэг бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэтэлж арьсыг маань муутгадаг. Тэр дундаа энэ өвөл гадаа хүйтний илч эрс чангарч, жавар тачигнан байхуйд охид, бүсгүйчүүдийн арьс, үс маш эмзэг болж, хүрээлэн буй орчны нөлөөнд амархан өртөмтгий болдог.
Өвлийн улиралд бидний арьсанд юу тохиолддог вэ?
Хүйтэн, халуун температурын огцом өөрчлөлтөөс өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “Хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Мөн түүнчлэн халаалттай өрөө тасалгаа хэт хуурай байдаг тул арьс чийгээ алдан үрчийх нөхцөл үлэмж бүрддэг. Мөн арьс хүчилтөрөгчөөр дутагддаг байна.
Өвлийн улиралд бидний арьсанд болж байдаг процессууд зуныхаас ихээхэн ялгаатай. Нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Хүйтэнд арьс зузаардаг. Тиймээс л гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа гээн өнгө үзэмжээ алддаг. Мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос, чийгний давхарга нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Тиймээс л хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтэх эх үндэс болдог. Хатуухан хэлэхэд өвлийн улиралд хүний арьсанд их бага ямар нэг хэмжээгээр “Борцлогдох” үйл явагддаг байна. Тиймээс илүү их сэтгэл тавьж арчилах хэрэгтэй юм.
Өвлийн арчилгаа
Юуны өмнө арьсаа өвлийн улиралд бэлдэнэ. Өөрөөр хэлбэл, арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал цочрол, хохирол бага байна гэсэн үг. Үүний тулд намарт байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, эрүүл зөв хоол унд идэж байх зэрэг нь арьсандаа анхаарч буй эхлэл болно. Үүнийгээ өвлийн улиралд ч хийх хэрэгтэй нь мэдээж. Үнэтэй, сайн гоо сайхны бүтээгдэхүүн нь мэдээж арьсанд тэжээл өгөх хэдий ч хуурайшиж холцруутсан арьсанд дотроосоо шим тэжээлийг хамтад нь хэрэглэх хамгийн үр дүнтэй. Тиймээс хүнсэндээ хушга, самар, сүү, үр тариа түлхүү хэрэглээрэй.
Өрөө тасалгаагаа чийгшүүлэх, агааржуулахаас гадна, нүүрээ 7 хоногт 1-2 удаа ут. Харин халуун ууранд нүүрээ утаж болохгүй. Учир нь, ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг.
Нүүрээ крантны усаар, савандаж угаахаас зайлсхий. Хатуулаг өндөртэй крантны ус нь кальци, магнийн нэгдлүүд ихээр агуулагдаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг үрэвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тиймээс цэвэр болон нэрмэл ус, буцалгаж хөргөсөн усаар угаа. Өрөөний температурт бүлээсгэсэн сүүгээр нүүрээ угаах сайн. Сүү нь арьсны тослогийн тэнцвэрийг тааруулж, чийг өгөх чадалтай юм.
Нүүрний тосоо өвлийн, зуны гэж ангилан хэрэглэ. Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэ. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхээрэй.
Өглөөний нүүр будалтын өмнө таны арьс тослог ч гэсэн ганц чийгшүүлэгч тос түрхэх нь хангалтгүй юм. Тослог чийгшүүлэгчтэй болон тослог тос түрхээрэй. Болж өгвөл чийгшүүлэгч тосныхоо дээрээс тосоо түрхээрэй.
Долоо хоног бүр иллэг хийж бай. Өвөл арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж залуу эсүүдээ хааж тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.
Шөнийн арчилгаа
Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга санаарай. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.
Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл ус агуулсан бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай.
Тэжээлийн тосоо зузаан гэгч нь түрхээд халуун алчуураар бигнүүр /20 минут/ тавиарай. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна. Өвөл арьсыг хамгаалахдаа спирт агуулаагүй нүүр цэвэрлэгчийг сонгоорой.
Тослог арьстай хүмүүсийг өвлийн цагт азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник, эсвэл гель хэрэглэх хэрэгтэй.
Шар сүүн угаалга
Сүүгээ гашилгаж ээдүүлэн шар сүүгээр нүүрээ угаах нь үр дүнтэй. Нүүрээ бүрэн цэвэрлэсний дараа сүүгээ бага зэрэг халаан нүүрээ угаагаад 5-10 минут зөөлөн илж массаж хийж өгнө. Массаж хийсний дараа бүлээн усаар угаана.