Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлгээ хэсэг засварлах болсон талаараа цахим хуудсаараа мэдээллээ. Түүнчлэн “Цензургүй яриа” нэвтрүүлэг C1 телевизтэй хамтран ажиллах дөрвөн жилийн гэрээ дууссан талаараа бичжээ.
Тэрбээр”Дөрвөн жилийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлгээ С1 телевизтэй хамтран эфирт гаргах контент нийлүүлэх гэрээг байгуулж байлаа. Өнгөрсөн он жилүүдэд энэ телевизийн хамт олонтой баяр жаргал, гуниг зовлонгоо хуваалцан 4 жил яах ийхийн зуургүй өнгөрчээ. Энэ хооронд “Цензургүй яриа” нэвтрүүлэг маань эрэн сурвалжлах чиглэлээр хийдэг “Цензургүй сурвалжлага” хэмээх дүү төрүүлж уг нэвтрүүлэг өдгөө хөлд орлоо. Харин энэ 12 р сараар С1 телевизтэй хамтран ажиллах гэрээ дуусгавар боллоо. Гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэхийн төлөө би шамдан ажилласан гэж бодож байна. Энэ ТВ ийн хаалгаар ганцаараа орж байсан би өдгөө 8 уулаа болон студийн хэмжээнд ажиллах чадвартай болов. Ингээд С1 ийнхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе. Сайхан хамт олондоо оруулж дэмжиж ажилласанд тань талархаж байна. Миний зүгээс С1 ТВ -тэй байгуулсан гэрээгээ нэр төртэй дуусгаж байна гэж бодно. Харин гэрээг цааш нь сунгах эсэх дээр сайн бодолцож байж шийднэ. Учир нь Ерөнхийлөгчийн нэртэй нэг явдаг энэ ТВ тэй цаашид хамтран ажиллах эсэхээ нэг хэсэгтээ сайн бодсон нь дээр гэж би санаж байна. Харин хамтран ажиллах бусад ТВ тэй нээлттэй ярилцахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэхэд буруудах зүйлгүй байх аа. Нэг хэсэгтээ ТВ үүдийн саналыг сонсохыг чухалчилж байна. 2017 оны Цензургүй сурвалжлага, Цензургүй яриа нэвтрүүлгүүд үүгээр өндөрлөж байна. Ирэх ондоо үзэгч түмэнтэйгээ уран бүтээлийн ургац арвинтай эргэж уулзанаа”хэмээжээ.