Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 онд салж фенүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон. Анжелина саяхан Холливудын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “2015 онд нээлтээ хийсэн “By the Sea” кинонд Брэдтэй хамтарч ажиллах амаргүй байсан. Сэтгэлийн тэнхээ шаардсан ч гэлээ энэ кинонд хамтран ажилласандаа баяртай байгаа. Учир нь киноны агуулгаас бид шинэ зүйл сурсан. Бид хоёулаа илүү их хатуужсан.” гэжээ.
Өмнө нь Анжелина зургаан хүүхдийнхээ талаар “Тэд бол зургаан хүчирхэг, өөрийн гэсэн үзэл бодолтой, халамжтай, амьдралд дуртай хүүхдүүд. Миний хүүхдүүд салалтын дараа маш зоригтой байсан. Тэд шаардлагатай үед зоригтой байж чадсан. Брэд бид хоёр гэр бүлдээ санаа тавьдаг. Тиймээс бид хоёулаа нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөж байгаа” гэж хэлж байсан.
Тэд салснаасаа хойш хэвлэл мэдээллээс аль болох хол байж, хувийн амьдралаа нууцалж ирсэн билээ. Брэд Питтийн хувьд GQ сэтгүүлд ярилцлага өгөхөөр шийдэж, салалтын дараа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрөн энэхүү асуудлыг ардаа үлдээснээ мэдэгдсэн. Тэр мөн хүүхдүүдтэйгээ харилцаагаа сэргээж буйгаа онцолж, цаашид тэднийхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөнө гэдгээ хэлсэн юм.
Анжелина “Брэд бид хоёрт түүх бий. Хэн нэгэнтэй хамт түүх бүтээхэд харилцаа тэр чинээгээрээ гүн, нандин, жинхэнэ байдаг гэж би боддог. Хамтдаа олон зүйлийн ард гарсны дараа бие биеэ гэх сэтгэл байсаар байдаг” хэмээн ярьжээ.