З.Даваасүрэн:Хуурамч виз ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын Хяналтын улсын ахлах байцаагч Зандраагийн Даваасүрэнтэй боомтын онцлог, үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Иммигрэйшний байгууллагад мэргэшсэн туршлагатай албан хаагчид ажиллах шаардлагатай, эрх зүйч мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан алба гэж ойлгодог. Та энэ байгууллагад ажиллаад хэр удаж байна вэ?

-Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 2007 онд анх ажилд орж байлаа. Одоо 11 дэх жилдээ энэ байгууллагад тогтвортой ажиллаж байна. Намайг 2007 онд ажилд орж байхад манай байгууллага бие даасан статустай байгууллага болж байгуулагдаад 6 жил болчихсон, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэж нэртэй байсан. Мөн тэр жилийн 12 сард Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Сүхбаатар аймаг дахь алба байгуулагдаж, анхны албан хаагчдын нэг болон томилогдон очиж, орон нутаг дахь боомтоос ажлын гараагаа эхэлж байлаа. Би БНСУ-д хувийн хэргээр зорчиж байх үедээ тухайн улсын иммигрейшний байгууллагаар асуудал шийдүүлж байсан юм. Түүнээс улбаалаад улсынхаа иммигрэйшний байгууллагад ажиллах юмсан гэж бодсоор, ирсэн даруйдаа ажлын анкет өгч, шалгалт шүүлгийг нь даваад энэ байгууллагын босгыг алхан орж байлаа.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Сүхбаатар аймаг дахь албаны Бичигт боомт, Хэнтий аймаг дахь алба, Буянт-Ухаа дахь алба, Хяналт, шалгалтын газар зэрэг хэд хэдэн газар томилогдон ажилласан. Тухайн газар, боомт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хоёр талын шинжтэй авто замын боомт дээр ажиллаж байгаад олон улсын зэрэглэлтэй боомт дээр ирэхэд тэс өөр орчин угтдаг. Авто замын боомт дээр зөвхөн нэг буюу 2 улсын иргэдтэй харьцаж байсан бол Буянт-Ухаа боомтод 100 гаруй орны иргэдтэй харьцаж байгаа юм. Мөн хилийн боомтгүй аймагт төлөөлөл болж ажиллах гэдэг бас л сонирхолтой. Би Хэнтий аймаг дахь төлөөлөгчөөр жил гаруй хугацаанд ажилласан. Орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бага хэдий ч гадаадын иргэд дамжин өнгөрөх байдлаар их зорчдог юм. Тэдгээр иргэдийн бүртгэл мэдээлэл, хяналт гээд ажил их байдаг байлаа. Энэ мэтчилэн газар, боомт бүрийн ялгаа, онцлог их бий. Энэ бүхнээс л суралцаж ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар гээд олон зүйл олж авсан даа.

-Буянт-Ухаа боомтын онцлог юу байдаг юм бол? Ачаалал хэр байдаг вэ?

-Манай Буянт-Ухаа боомт бол ачаалал ихтэй боомтуудын нэг. Тэр дундаа зуны улиралд ачаалал маш их. Өдөрт дундажаар 50-60 виз олгодог. Харин өвлийн улиралд бол харьцангуй ачаалал багасч өдөрт 10 гаруй виз бичигдэнэ. Энэ жил бид 132 орны 4 мянга орчим иргэнд виз олгосон.

Олон улсын зэрэглэлтэй боомтын онцлог нь гадаадын иргэдтэй холбоотой эрхлэх чиг үүргийн аливаа асуудлыг маш хурдан хугацаанд, шуурхай, оновчтой шийдвэрлэх мэргэжлийн ур чадвар шаарддаг. Тэр ч утгаараа Буянт-Ухаа боомт дээр өнөөдрийн байдлаар нэг ээлжинд ирэгчийн танхимд 2, явагчийн танхимд 2 хяналтын байцаагч, виз, зөвшөөрлийн 1 ахлах мэргэжилтэн гэсэн 5 хүн 24 цагаар ажиллаж байна.

Ирэгчийн танхим Монгол Улсад зорчин ирж буй гадаадын иргэдэд виз олгох эсэхийг шийдвэрлэдэг, тэдгээртэй ярилцлага хийх зэрэг үйл ажиллагаа явагдана. Явагчийн танхимд бол Монгол Улсаас явж буй гадаадын иргэдийн гарах хөдөлгөөнд хяналт тавьж, гарах-орох виз аваагүй, визийн хугацаа хэтрүүлсэн, бүртгэлийн журам зөрчсөн гэх мэт гадаадын иргэнтэй холбоотой асуудлуудыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэдэг.

-Гадаадын иргэд ихэвчлэн ямар төрлийн зөрчлүүд гаргаж байна вэ?

Манай боомт дээр шийдвэрлэгдэж буй зөрчлийн дийлэнх буюу 90 орчим хувийг визийн хугацаа хэтрүүлэх болон бүртгэлийн журам зөрчих гэсэн зөрчлүүд эзэлж байна. Өнгөрсөн зун Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг бид тухай бүрт нь илрүүлж, Иргэний нисэхийн дэргэдэх Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Ер нь иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл сайжирч, зөрчил гаргах нь харьцангуй бага болсон шүү.

Хилийн боомтууд дээр ямар төрлийн виз олгодог вэ? Боомтоос виз хүсэхдээ юуг анхаарах ёстой байдаг вэ?

Олон улсын зэрэглэлтэй Буянт-Ухаа боомт нь тухайн улсад Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газар байхгүй газраас ирж буй гадаадын иргэдэд 30 хоногийн жуулчин ангиллын визийг виз олгоход шаардагдах материалыг бүрдүүлж ирсэн тохиолдолд олгож байна. Хилийн боомт дээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд заагдсан бүх төрлийн визийг визийн зөвшөөрлийн дагуу олгодог. Өөрөөр хэлбэл бид хуулийн дагуу бүх төрлийн визийг олгоно, хамгийн гол нь визийн зөвшөөрөл авах хэрэгтэй гэдгийг иргэддээ дахин дахин сануулаад байгаа юм. Иргэд ч энэ талаар их асуудаг. Бид 24 цагийн турш утсаар болон биечлэн мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Хүн болгон манай хуулийг төгс мэдэх албагүй л дээ. Гэхдээ гадаадын иргэнтэй холбогдож байгаа бол энэ талаарх хууль тогтоомжийг зайлшгүй судлах хэрэгтэй болж байгаа юм. Энэ талаарх мэдээлэл манай байгууллагын immigration.gov.mn сайтад дэлгэрэнгүй байршсан байдаг. Түүнчлэн 1800-1882 дугаарын утаснаас зөвлөгөө мэдээлэл авч болно.

-Буянт-Ухаа боомт олон улсын зэрэглэлтэй, олон орны иргэд бужигнаж байдаг газар. Энэ утгаараа иммигрэйшний албан хаагчдаас хэлний мэдлэгээс эхлээд мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг байх?

-Олон орны иргэдтэй харилцаж байгаа учраас хэлний мэдлэг бол зайлшгүй шаардлагатай болдог. Манай байцаагч нар 1-2 гадаад хэлтэй, боомт орон нутагт 5-аас дээш жил ажилласан туршлагатай, хамгийн чадварлаг, мэргэшсэн албан хаагчид олон улсын зэрэглэлтэй боомтод ажилладаг. Нөгөө талаараа Монгол Улсын нүүр царай болж буй албан хаагчид учраас манай албан хаагчид алдаа гаргах эрхгүй ажилладаг.

Манай байгууллага анх ажилд орж байгаа ажилчдаа эхлээд заавал сургалтад хамруулаад, бүх газар, хэлтэс, боомтын үйл ажиллагаатай танилцуулаад шалгалт авдаг. Төрийн албан хаагчийн шалгалтаас гадна дахин шалгалт аваад тэнцсэн албан хаагчдыг тухайн албан тушаалд нь томилдог. Байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг мэдсэн албан хаагч боомт, орон нутагт очоод ажилласан ч хүний өмнө нүүр улайхааргүй түвшний мэдлэг, чадвартай болдог л доо. Түүнчлэн жил бүр боомтуудад ажиллаж буй албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг төвөөс зохион байгуулдаг нь тасралтгүй мэргэжил дээшлүүлэх боломжийг олгож байгаа хэлбэр гэж ойлгодог.

Энэ оны долдугаар сарын 1-ээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар, мөн бүртгэлийн программ шинэчлэгдсэнтэй холбоотой эргэлзэж байсан, мэдэхгүй байсан зүйлсээ мэдэж авсан. Одоо бол ямар нэгэн асуудалгүй, тухайн чиглэлийн дагуу ажиллаж байна. Тэгэхээр тасралтгүй мэргэжил дээшлүүлэх сургалт маш чухал, үр дүнтэй сургалт болдог гэж ойлгож болно. Харин манай Буянт-Ухаа дахь газар албан хаагчдынхаа хувь хүний хөгжилд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг 14 хоног тутамд зохион байгуулж хэвшээд байна.

-Боомтод ажиллахын давуу тал, сайхан нь юу вэ?

-Манай ажлын нэг онцлог нь бид тушаал заавраар ажилладаг учраас хаана ч томилогдон ажиллаж болно. Хөдөө орон нутаг, хилийн боомтод ажиллахад их зүйл сурдаг. Наад зах нь хил хяналтын байгууллагынхантайгаа хамтарч ажиллана. Хяналт шалгалтаар явна, зөрчлөө шийдвэрлэнэ гэхчилэн бүхий л зүйлийг хийж сурдаг. Ер нь боомт, орон нутагт хэдэн жил ажиллахад их зүйл сурна шүү.

Одоо бол намайг анх ажилд орж байх үеийг бодоход боомт, орон нутагт ажиллах орчин нөхцөл, хангамж харьцангуй сайжирсан. Хилийн бүх боомтууд өөрийн гэсэн байртай болчихлоо, мөн боомтууд нэгдсэн сүлжээнд холбогдож, техник хангамж жил ирэх тусам л сайжраад байна шүү дээ.

ГИХГ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …