Тоочин бүсгүй Ц.Долгоржав


Намуухан дуутай, нүдэнд дулаан төрхтэй эмэгтэй дөлгөөхөн инээмсэглэж, асуултад минь жинтэй хариулна. Түүний өгүүлсэн бүхэн яагаад ч юм ухаарал шингэсэн мэт санагдаж билээ. Тийм байх ёстой, ийм байх учиртай гэж сургаал айлдаагүй ч үг бүр нь нэг л тийм үнэ цэнэтэй хөвөрнө. Аливаад ул суурьтай, бүр нэг “шүүсийг нь сайн шахсан аарц” гэдэгчлэн ямар ч дутуу дулимаг зүйлгүй эмх цэгцтэй байхыг шаарддаг ажил мэргэжил нь нөлөөлсөн ч байж мэднэ. Тэр тоочин хүн л дээ.

Сүүлийн арав гаруй жил Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засгийн хэлтэс, Баяжуулах фабрикт цалин хөлсний эдийн засагчаар ажиллаж байна. Харин унаган мэргэжил нь автоматжуулалтын инженер. Энэ л мэргэжил нь түүнийг Эрдэнэт хэмээх их айлын нэгэн гишүүн болж, слесариас эдийн засагч хүртэлх үргэлж өөдөө ахисан алба хашихад нь хөтөлжээ. Эдүгээ Баяжуулах фабрикийн эдийн засагч, ажлаа ч, амьдралаа ч “часхийтэл” авч яваа Ц.Долгоржав гэх энэ намба төгс эмэгтэй Эрдэнэт хотод 1986 онд иржээ. ОХУ-ын Свердловск хотын Уулын дээд сургуулийн чансаатай “бүтээгдэхүүн”-үүдийн нэг.

Эрдэнэт хот минь яг л нэг Оросын тосгон шиг. Цас орохоор их гоё жигдхэн хөвсийж харагдаад л. Оросын мэргэжилтнүүд их олон, гадаа гудамж талбайд хаа сайгүй Оросуудтай таарна. Свердловск хотоосоо арай өөр хотод ирсэн мэт сэтгэгдэл төрдөг сөн. Залуухан инженер бүсгүй шинэхэн хотдоо ирсэн анхны бодлоо ийнхүү уяран дурсан өгүүлэх.
Түүний “Эрдэнэтийн хүн” болсон түүх тэр үед уулын мэргэжил эзэмшээд энэ нутагт ээнэгшсэн олон залуусын л адил. Свердловскийн уулын сургуулийн дээд курсын “ах” нэгэн насны хайр, амьдралынх нь хань түшиг болох хувь тавилантай байв. Нэг жилийн өмнө төгссөн нөхөр Ж.Баатар нь Баяжуулах фабрикт томилогдон ирсэн нь Эрдэнэт рүү тэмүүлэх томоос том шалтгаан болжээ. Гэвч тэр хүсэл нь шууд биелээгүй гэдэг. Хөгжилтэй ч гэмээр саад байсан гэж тэр хуучлав. Шинэ төгссөн мэргэжилтнүүдийг уул уурхайн яам томилно. Түүнийг яаман дээр очиход Монгол Чехийн хамтарсан нэгдэл гэдэг байгууллагад цахилгааны инженерээр томилсныг танилцуулжээ. Мэдээж,гэр бүл Эрдэнэтэд байгаа тул тийшээ явах хүсэлтэй гэдгээ ч хэлж. Тухайн үед яамны боловсон хүчин Логшир гэж хүн “хэрэв чи Эрдэнэт явбал инженер биш слесарь л хийнэ шүү дээ” гээд чамгүй удаан хүлээлгэсэн гэнэ.

Энэ үеэр нэг төгсөлтийн Ганхуяг гэдэг залуу “Бор-Өндөрт хуваарилагдчихаж, хөдөө явахгүй” гээд бас яаман дээр байхтай нь таарав. Өөр өөр бодолтой ийм хоёр хүн яаман дээр өнжин хүлээж буйг харсан яамны боловсон хүчин нэлээд залхсан шинжтэй “нэг нь хотод үлдэнэ, нөгөө нь хөдөө явна гээд хаашаа янзын хүмүүс вэ” гээд хүсэлтийг нь ёсоор болгож байжээ. Ингэж Ц.Долгоржав Эрдэнэт нутгийн зүг хувь заяаны жолоог залсан юм. Тэр ирээд шууд л Тооцоолон бодох цехэд кип автоматикийн слесарь болов. Тус цехэд харьяатай ч ажил нь Баяжуулах фабрикийн реагентний хэсэг дээр өрнөнө. Өөрөөр хэлбэл, энэ хэсэг дээр тоног төхөөрөмжийн урвалжийн даатчигийн үйл ажиллагааг хариуцдаг слесар байв. Эндээс л тэр мэргэжил дээрээ тасралтгүй өсөж, өндийн оператор, программист инженер, рентген лабораторийн ахлах инженер болох шатаар амжилт дүүрэн алхсан юм. Аварга тээрэм, хүчит техник нүргэлсэн орчноо сольж, нөгөө талаар өөрийгөө дахин сорьж үзэхээр шийдсэн нь эдийн засагчаар ажиллая гэсэн эрмэлзэл төрснийх. Энэ бодлоо цехийн даргадаа хэлэхэд нь дэмжсэн хариулт өгчээ. Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцан төгсөж, үйлдвэрийнхээ зүрх нь болсон Баяжуулах фабрикийн эдийн засагч болов. Өнөөг хүртэл төрөлх цехдээ ажиллахдаа тэр өмнөх ажлаа хийгээд, цагаа бүртгүүлээд явдаг жирийн нэг ажилтан байсангүй. Цаг ямагт шинийг эрэлхийлж, санаачилгатай, чадварлаг, “толгой сайтай” тоочин гэдгээ харуулсаар явна.

“Эдийн засагчаар Баяжуулах фабрикт ирэхэд зөвхөн цалингийн тооцоон дээр л гэхэд гурван эдийн засагч яг ижилхэн зүйлийг эксел программ дээр давтаж хийдэг байв. Цаг хугацаа, бүтээмжид сөрөг нөлөөтэй энэ давхцлыг арилгах санаа тэр үед төрж, дэлгэрэнгүй мэдээллийн баазтай программ шинээр хийе гэж шийдсэн. Тооцоолон бодох цехийн программист инженер Ц.Цэвэлтэй хамтраад, тухайн ажилтны ажилласан жил сар, шилжилт хөдөлгөөн гээд бүхий л мэдээллийг ганцхан товчлуур дараад харах боломжтой мэдээллийн нэгдсэн бааз хийж, нэвтрүүлсэн.

Одоо энэ программыг “Хөдөлмөрийн бүртгэлийн программ” нэртэйгээр үйлдвэрийн хэмжээнд хэрэглэж байна. Анх хэн санаачилж, хийснийг одоогийн залуус маань мэдэхгүй ч үйлдвэрт маань ашиглаж байгаа гэж бодохоор сэтгэл маш өндөр явдаг даа” хэмээн тэр бахархал дүүрэн хэлсэн.

Уурхайчидтай ажиллах сайхан. Нээлттэй, шулуун шударга хүмүүс байдаг. Бидний дараагийн үе эхэлж, залуусаар цех маань хүч сэлбэж байна. Тэдэндээ хийсний хэрээр цалин урамшуулал нэмэгдэж, хэрхэн тооцож, олгож байгааг уйгагүй тайлбарлаж өгдөг. Эрдэнэсийн уулынхаа буянд ажил үйлс, амьдрал ахуй сайн сайхан, дээшээ байгаад үргэлж сэтгэл хангалуун яваарай гэж захих дуртай гэж сэтгэлээ уудалсан.

Түүний нэг том бахархал нь уурхайн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэлцэж, “багшаа” гэж дуудуулах завшаан тохиосон он жилүүд. Технологийн сургуулийн оюутнуудад автоматжуулалтын инженерийн хичээлийг үйлдвэрлэлийн цехэд биетээр харуулан зааж байсан нь өгөөжөө өгчээ. Түүний шавь нараас Нунтаглан баяжуулах хэсгийн дарга М.Отгон, ахлах механик Б.Болор-Эрдэнэ, М.Жамбал, ээлжийн мастер Ч.Намнансүрэн гээд олон чадварлаг инженерүүд уул уурхайн салбарыг өнгөлж явааг дурсахгүй өнгөрөхийн аргагүй.
Хүн бүрт өөрийн шилдэг чанар, увидас гэж бий. Ц.Долгоржавын хувьд алган дээрээс нь ямар ч нарийн арчилгаатай ургамал жимс ногоо хэдийд ч урган цэцэглэж байдаг увидастай. Өсөж үржихийн ерөөл түүнийг дагаж явдаг гэмээр. Тэр тун чиг ажилсаг эмэгтэй. Гэрийнхээ гадна талбайд үрэл, мойл, улаалзгана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, тошлой, интоор, алим гээд жар гаруй төрлийн ховор сонин жимсний мод, бут, хүнсний болон нарийн ногоонууд тарина. Арчилгаанд нь зориулж цаг гаргана.

Ажлаа тараад жимс ногоогоо услах гэж яарна. Ургаж байгааг нь хараад, баярласандаа ганцаараа ч ярих үе гарна. Нарийн ногоонууд бүр ч их арчилгаа ажиллагаа шаардана. Зэрлэг зулгаахаас эхлээд ажил мундахгүй. Энэ жил тэр интоороо хурааж, чанамал хийсэн гэнэ. Хамгийн их “хайр” шаардлагатай нь бөөрөлзгөнө гэсэн. Бас мандарин, нимбэг, гүзээлзгэнэ тарьж, жимсээ хураагаад эхэлжээ. Ээжийнхээ хоббиг охид нь дэмжиж, Бээжингээс мандарины суулгац хүртэл авчирч өгсөн гэнэ.

Ургацаа хурааж, түүнийхээ дээжээр найз нараа дайлахдаа тэр хамгийн их жаргалтай байдаг гэсэн. Өөрөө тарьж, ургуулж, тэр бүхнээ бусадтай хуваалцах хамгийн сайхан гэж нэмж өгүүлнэ лээ. Одоо тэр үйлдвэрийнхээ ахмадуудын эгнээнд шилжиж буй. Урт амралтаа авахаараа ширээний теннисээ тоглоно, бүжиглэнэ, ногоогоо тарина, бас хүүхдүүд дээрээ зочлоно. Уйдах завгүй ийм л эрч хүчтэй хүмүүс аз жаргалыг түгээж байдаг гэлтэй.
Ажил хөдөлмөрийнх нь үзүүлэлт тоон хэлээр хэмжигддэг ч амьдралын урсгалыг хүний сэтгэлийн сайхнаар хэмждэг гэж тоочин бүсгүй хэлсэн. Амьдрахуйн төгс утга учир энэ буй заа.

М.Балжинням

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …