“Монгол” телевизийн бүтээл “Шарк Танк” нэвтрүүлгийн эхний улирлын сүүлийн дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Тус нэвтрүүлгийн Шаркууд болох “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, МАК-ын захирал Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ын захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн гэлтэй. Тэд өдгөөг хүртэл есөн бизнес эрхлэгчдэд 20 саяас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Тэгвэл “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа”Зориг гарган хүрэлцэн ирсэн бүх оролцогч нартаа баярлалаа. Хөрөнгө оруулалт авсан нь улам хөдөлмөрлөж, амжилтгүй оролцсон нэг нь үл шантран дараа дараагийнхаа бизнес санаандаа ханцуй шамлан ороорой гэж хүсье. Харин орж амжаагүй хэсэг нь ирэх жилийн Шарктанк-д заавал бүртгүүлээрэй хэмээн уриалж байна. Миний хувьд ч өөрийгөө улам хөгжүүлж, хөрөнгө оруулалтын талаар мэдээгүй сураагүй зүйлсээ мэдэж авахын төлөө биеэ дайчлах болно оо. Ирэх жилийн Шарктанк хүртэл түр баяртай” хэмээн бичжээ.