Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хохироожээ

Өмнөговь аймагт АН-ынхан  орон нутгийн удирдлагыг өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд удирдахдаа  аймгийн МАН-ын хорооны зарим увайгүй нөхөдтэй нийлж олон бусармаг зүйл хийж байсан нь илэрч эхлэхтэй зэрэгцэн дахин улстөр хийж, булхай луйвраа далдлах гэсэн оролдлого гаргаж байна. Энэ бүхнийг тус аймгийн ИргэдийнТөлөөлөгчдийн  Хурлын дарга Х.Сугир “Нам дамжсан бизнесийн бүлэг аймгийн удирдлагуудыг огцруулж өөрсдийнхөө хүнийг томилуулах гээд чадсангүй” гэж товч бөгөөд  тодорхой илэрхийлсэн.

Х.Сугир бол сумаас эхлээд аймгийн ИТХ-ыг удирдаж байгаа олон жилийн дадлага туршлагатай, аймагтаа төдийгүй нам дотроо ч тодорхой танигдсан улстөрч. Шарыг харж шарваж, улаан үзэж урвадаггүй нэгэн.  Харин түүний өрсөлдөгч  сөрөг хүчин АН-аас биш МАН доторх журмын нөхөр нь байна гэхээр харамсалтай. Ваанчигийн Мөнхбатын эл үйлдэл эртнээс улбаатай гэм биш зан гэнэт биш хууч юм.

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Бадраа  “1000 айлын орон сууц” гэх үлгэрийн  хөтөлбөр гаргаж, түүнийхээ дахан доор танил тал татаж, орон нутгийг хөгжүүлэх, өмнөговьчуудын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжид зориулах ёстой мөнгөнөөс хумсалж барилга бариулах нэрийдлээр компаниудад өгсөн  байна.

Түүний зээл олгосон барилгын компаниуд авсан зээлээ эргүүлэн төлөөгүйгээс Өмнөговь аймгийн иргэдийг 9.2 тэрбум төгрөгөөр хохироожээ. Уг нь, энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг барих, Даланзадгад хотод  тохижилтын ажил хийх  зэргээр бүтээн байгуулалт хийх боломж байсан. Гэвч салхинд хийсгэчихжээ. Сэтгэлгүй даргад эрх мэдэл, мөнгө байгаад ямар ч нэмэргүй гэдгийг Б.Бадраа нарын удирдлагууд хангалттай харуулсан.

2013 онд “Галмөнх” компанид 56 айлын орон  сууц бариулахаар 1.200.000.000, 2014 онд 77 айлын орон сууц бариулахаар 1.700,000.000, “Эл Эс Би” компанид 37 айлын  сууц бариулахаар 950.000.000, 50 айлын сууц барих “Самосон” компанид 2014 онд 1.200.000000, 50 айлын орон  сууц барих “Баян-Авзага” компанид 1.100.000.000, “Мэндконстракшн” компанид 48 айлын  сууц бариулах урьдчилгаа зээл 750 сая, “Бидплюс” компанид 50 айлын сууцны урьдчилгаа зээл 1.000.000.000, “Канад хаус”  бариулахаар “Ти Ти Энд Би” компанид 510.000.000, “Тод бат андууд” компанид 42 айлын орон сууц бариулах урьдчилгаа санхүүжилт 1.000.000.000, “Минами говь” компанид 80 айлын сууцны санхүүжилт 600.000.000 төгрөгийг 2015 онд олгожээ.  Эдгээрээс хамгийн эрт, хамгийн их зээлийг В.Мөнхбатын “Хүннүгийн говь” компани авчээ. 2012 онд 33 айлын орон  сууц барихаар 621.300.000 төгрөг, 2013 онд 956.436.230, 2014 онд 197.073.260 төгрөг авчээ. Мөн 77 айлын орон  сууц барихаар 2015 онд 1.550.000000 төгрөг, нийтдээ Ваанчигийн Мөнхбатын “Хүннүгийн говь” компани 3,3 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.  Б.Бадраагийн засаглах үед 2012-2015 онд 13.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг барилгын компаниудад өгснөөс 9.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй өнөөг хүрчээ. Хэдийгээр Өмнөговь өөрөө төсвөө бүрдүүлж улсад татвар төлдөг аймаг ч гэлээ иргэдэд зориулах ёстой мөнгийг ингэж гарын салаагаар урсгаж болохгүй.

В.Мөнхбат Б.Бадраа нарын хоршил

Өмнөговь аймгийн ИТХ-ын Төлөөлөгч В.Мөнхбат, аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нар гэр бүлийн найзууд гэнэ. Тэдний нөхөрлөл нам дамжсан бизнесийн бүлэглэл болтлоо  хүрээгээ тэлсэн байна.  В.Мөнхбат Б.Бадраа найзынхаа “буян”-аар өмнөговьчуудын хөгжилд зориулах мөнгийг таван жилийн хугацаанд хүүгүй ашиглаж иржээ.

Тиймээс ч өнөөг хүртэл 1.5 тэрбум төгрөгөөр төрийг хохироосондоо санаа зовсон зүйлгүй явна. Бадраатай нийлж 1000 айлын орон сууц барих бүтэлгүй зохиолыг бичилцсэн. Түүний үзэн ядаад байгаа аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир  тэдний булхайтай шууд тэмцэж, хатуу байр суурь барьж байгаа ньтүүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэжээ. Эдний булхайг цагдаа, хуулийн байгууллагад өгсөн боловч Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор гарсан Өршөөлийн хуульд хамрагдаж, гэмгүй мэт гээхэлзэж явна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир түүний тухай “Ваанчигийн Мөнхбат Төлөөлөгч байнга  огцруулна, би Сугирын оронд ИТХ-ын дарга болох ёстой гээд хаа сайгүй зарлаад явж  байдаг. Анхдугаар хуралдааны өмнө МАН-ын ИТХ-ын 19 төлөөлөгчөөс 4-5 хүн нэгдчихээд “Энийг энэ албан тушаалд тавь, энийг уурхайн даргаар сонго, энийг Таван толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болго, энэ хүнийг аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчээр сонго, ингэхгүй бол бид сөрөг хүчинтэйгээ хамтраад өөр асуудал ярина” гэх зэрэг улс төрийн шантааж хийж байсан. Ер нь нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн удирдлагуудыг унагаж, өөрсдийн хүнийг томилох гэж санаархаад бүтэлгүйтлээ гэдгийг шуудхан хэлье” гэжээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд В.Мөнхбат Өмнөговь аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахдаа эрх мэдэл, иргэдийн өгсөн сонголтыг буруугаар ашиглаж АН болон  аймгийн Засаг дарга Б.Бадраатай хуйвалдаж олон тэрбум төгрөгийн зээл авсан нь илэрч буй нь энэ. Эдгээр жишээ бол тэдний их булхайн зөвхөн зах зух нь юм шүү. В.Мөнхбат энгийн номхон нэгэн ч биш.

Элдэв хэрэг түвэгт нэр холбогддогоороо алдартай. Дундговь аймагт амь насаа алдсан гурван ченжийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. Төсвийн мөнгийг ууж идэхдээ ёроолгүй сав мэт аашилдгийнхаа адил бусдад дээрэлхүү, ойворгон нэгэн  бөгөөд иргэн Б-г зодож гэмтээн 2017 оны есдүгээр сард  шүүхээр шийтгэгдсэн тогтоол ч бий. Мөн иргэн М-г  ажил, албан тушаалтай нь холбоотойгоор зодож, танхайрсан хэрэг нь цагдаа, прокурорын байгууллага дээр шалгагдаж байна.   Ваанчигийн Мөнхбатын энэ мэт увайгүй үйлдэл ил цагаандаа гарч төрсөн нутагтаа гишгэх газаргүй болжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар В.Мөнхбат нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөсөө  огцроод зогсохгүй дагалдах албан тушаалуудаа ч өгөх нөхцлийг өөрөө бүрдүүлжээ.

А. Болд  

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …