Тусгай хамгалалттай газар нутгийнханд дуулгах сайн мэдээ байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол улсын Засгийн газар бусад улс орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байгаа олон жишээ баримт бий.
Тэдгээрээс одоогийн байдлаар хэрэгжиж байгаа хамгийн үр дүнтэй төслүүдийн нэг бол “Биологийн олон янзын байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм. Энэхүү төслийг Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрээр Төрийн хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд саяхан хангай, төв болон зүүн бүсийн 11 аймаг сумдад зориулан жишиг байдлаар 1 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэр бүхий зээлийн сангийн эх үүсвэрийг үүсгэн байгуулад байна. Орчны бүсийн зээлийн эргэлтийн сан гэж нэрлэгдээд байгаа энэхүү эх үүсвэрээр дамжуулан тухайн бүс нутгийн иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжид бага хүүтэй зээл олгож, ажлын байр бий болгон иргэдийн амьжиргааг дэмжихээр зорьж байна.
Энэ бол тухайн бүс нутгийнханд олдож буй сайхан боломж төдийгүй, хөдөөд ажилгүйдлийг бууруулахад бодит үр дүнгээ өгнө хэмээн иргэд талархалтай хандаж байна.
Мөн дээрхи төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газрын 27 хамгаалалтын захиргааг өндөр хурдны интернетэд холбов. Үүнээс 23 захиргааг шилэн кабельд, харин алслагдсан 4 хамгаалалтын захиргааг сансраар интернтэд холбодох боломжийг бүрдүүлэв.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус байгууллагатай 2017-2020 он хүртэл хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтад Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдийг дэмжих зээлийн эргэлтийн сангийн 3 сая амдолларын төслийн санал байгаа юм. Энэ саналыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас санал болгож дэмжүүлжээ. Энэхүү эргэлтийн сангийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ер нь газар нутгаа аль болох тусгай хамгаалалттай газар бүсэд хамааруулах нь байгалиа унаган төрхөөр нь авч үлдэх нэг боломж юм. Энэ тал дээр БОАЖЯ нэлээд эрчимтэй ажиллаж байна. Тухайлбал, 2018 онд 22 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, холбогдох бэлтгэл ажлыг үндсэнд нь хангажээ. Тогтоолын төсөл батлагдвал улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2 хувиар буюу 3,4 сая га талбайгаар нэмэгдэх боломж бүрдэх юм.
Энэ ажлын хүрээнд Олон улсын байгууллага болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран богино хэмжээний танилцуулга, баримтат киног “Хүрээлэн” төслийнхнөөр хийлгэжээ.
М.Нэргүй
zaluu.com