НИТХ-ын тэргүүлэгчид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг санаачлагчид нь буцаалаа


Өнөөдөр 11:00 цагт НИТХын тэргүүлэгчдийн хуралдаан 78 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай болон НИТХын Ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Тэргүүлэгчдийн хуралд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийг Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар 33713 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 16204 нь эрэгтэй, 17509 нь эмэгтэй, 0-14 насны 3421 хүүхэд амьдарч байна. Эдгээр иргэдийг хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь ангилж үзвэл харааны бэрхшээлтэй 10 хувь, хэл ярианы бэрхшээлтэй 5 хувь, сонсголын бэрхшээлтэй 8 хувь, хөдөлгөөний бэрхшээлтэй 19 хувь, сэтгэцийн бэрхшээлтэй 17 хувь, хавсарсан бэрхшээлтэй нь 10 хувь, бусад бэрхшээлтэй иргэд 31 хувийг эзэлж байгааг дурдлаа. Эдгээр иргэд Монгол улсын үндсэн хуульд заасан эрх заяагдмал эрхээ бүрэн эдэлж чаддаггүй бөгөөд тэдний сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, мэдээллийг жигд хүртэх эрх боломж хязгаарлагдмал байдгийг дурдаад, тэдний эрхийг хангах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх бодит хэрэгцээ байгааг хэллээ.
Энэ хүрээнд үндсэн 4 зорилгыг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна. Үүнд:
1. Зам тээвэр, барилга байгууламжийн дэд бүтэц, мэдээлэл харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах
2. Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
3. Төр, хувийн хэвшил, ТББ-уудын хамтын үйл ажиллагаа салбар дундын уялдаа холбоог хангах
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд тохирсон ажлын байрын бий болгох, ажлаар хангах гэсэн үндсэн 4 зорилгыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг илэрхийлээд эдгээр зорилгуудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тодорхой зорилтуудыг төлөвлөж байгааг танилцууллаа. Тухайлбал, нийслэл хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг бий болгох, нийслэлээс ХБИ руу хандан хэрэгжүүлж байгаа ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлдэг болох, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа номын сангуудыг деззи болон баррель үсгэн хэлбэрт, хөрвүүлэх, ярьдаг ном номын сангийн үйлчилгээг хэрэгжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны үйлчилгээнд тэргэнцэртэй иргэдийг суух, буух боломжоор хангах, хараа сонсголын бэрхшээлтэй иргэдийг зорчиход зогсоолуудыг бичгэн болон дуут хэлбэрээр өгдөг болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын танилцуулсан дэд хөтөлбөрийн дараа НИТХын тэргүүлэгчид Нийслэлийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, ННБХ-ийн тамгын дарга х.Халтар, ННХГын хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Дашхорлоо нараас асуулт асууж, хариулт авсан.
Тэргүүлэгчдийн асуултанд Нийслэлийн нийгмийн бодлогын хэлтэс болон Нийгмийн халамжийн газарт хандан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг нийтлэг асуудал юу болох, тэднийг асарч байгаа ар гэрийнхэн ямар хэмжээний тэтгэмж авдаг эсэх, Нийслэлийн боловсролын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хэрхэн уялдаатай ажилладаг тухай, ХБИ-дэд үзүүлдэг эрх зүйн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юу байгаа тухай, дохионы хэлний стандарт хэм хэмжээ гэж байдаг эсэх гэх зэрэг асуултуудыг тавилаа.
НИТХын тэргүүлэгчдийн асуултанд хариулсан холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хариулт хангалтгүй байгааг тэргүүлэгчид дурдаад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай асуудалтай холбогдуулан өөрсдийн саналаа илэрхийллээ.
НИТХын Тэргүүлэгчид хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийн танилцуулга мэдээлэлд шүүмжлэлтэй хандан тус хөтөлбөрийн зорилго зорилт тодорхой биш, ХБИийг хөгжүүлэхэд, тэдний хувийн амьдралд бодит тус нэмэр, өөрчлөлтөд хүргэхэд чиглэсэн зорилгууд хангалтгүй, төрийн болон нийслэлийн хэмжээний бодитой салбар хоорондын уялдаа муутай байгааг дурдлаа.

Үүнтэй холбогдуулан НИТХын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийг санаачлагчид анхаарсан байх.  Энэ хөтөлбөрийн  батлахад дутагдалтай байгааг та бүхэн өөрсдөө сонслоо. Хөтөлбөр юм бол хөтөлбөр л байх ёстой, танилцуулга юм уу, хөтөлбөр юм уу, зорилго, уриа нь ойлгомжгүй болсон нь харагдаж байна. Хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, цаг зарцуулж ажилла. Ажил хийх нэрээр хэдэн өгүүлбэр хольж хутгаж энд тэнд нь тавьж оруулж ирдэгтээ одоо больцгоо. Үнэхээр шаардлага хангахгүй байгаа учраас хурлын тэргүүлэгчдийн олонхийн саналаар энэ дэд хөтөлбөр буцах боллоо. Хөтөлбөрөө дахиж боловсруулж оруулж ирэхдээ асуудлаа сайн судал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог бий болго, мөрийн хөтөлбөртэй уялдуул, үг дүнг, чанарыг тооц, дарга нар нь өөрсдөө ажилдаа оролц. Ер нь НИТХын тэргүүлэгчдийн хуралдаанд аливаа хөтөлбөр яригдаж байгаа бол харьяа газар хэлтэс, ажлын уялдаатай ажилладаг мэргэжилтнүүдийг  байлцуул” гэж онцлон хэллээ.

НИТХын тэргүүлэгчдээс санал хураахад тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөрийг дахиж боловсронгуй болгож хуралдаанд оруулж ирэх үүрэг өгч буцаалаа.
НИТХын хурал завсарлаж, НИТХын Ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үдээс хойш 14:30 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …