Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, НЗДТГ- тай хамтран “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
НИТХ-ын дарга С.Амарсайхан : 2017 онд 3820 хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийж, нэг цэгийн үйлчилгээний төвд 41 хүүхдийг байрлуулан, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүүхэд эмэгтэйчүүдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор түр хамгаалах байранд 139 хүүхдийг хамгаалтанд авч, төрөл садан ойр дотны хүний хамгаалтанд 1640 хүүхдийг хүлээлгэн өгч ажилласан нь далд байгаа гэр бүлийн хүчирхийллийг ил гарган, хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа нь сайшаалтай байна гэдгийг дурсан юм.
Хамтарсан багийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь гэр бүлийн гишүүдийг хүчирхийллээс, хүүхдийг гэр бүлийн болон нийгмийн бусад орчинд хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрх ашиг нь хөндөгдсөн үед нийгмийн ажил мэргэжлийн цогц үйлчилгээг анхан шатанд үзүүлэх юм.
Уулзалт, зөвлөгөөнд оролцогчдоос гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүчирхийлэл давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар “Уриалга” гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо.
эх сурвалж: tusgaar.mn