Өнгөрөгч мягмар гаригт Английн хааны угсааны twitter хуудсанд “Букингхамын ордонд Зул сар ирлээ!” гэсэн зураг оржээ. Гацуур модыг анх 18-р зуунд хатан Шарлотт хааны ордонд тавьсан байдаг. Тэр цагаас хойш жил бүрийн Зул сараар Букингхамын ордонд гацуур мод чимэглэж иржээ. Мөн ханхүү Чарльзын Кларенс ордныг ч мөн Зул сарын баярт зориулж чимэглэдэг.
Энэ жил хатан хаан Элизабетын хувийн ордон болох Сандрингхам ордонд Зул сарын цэнгүүн болох ба Ханхүү Харригийн хувьд энэ жил сүйт бүсгүй Меган Марклийн хамт оролцоно. Цэнгүүн гурван өдрийн турш үргэлжлэх аж. Ханхүү Харри, Меган Маркль нар дараа жилийн хавар гэрлэх төлөвтэй байгаа талаар The Telegraph-т бичжээ. Тэд өнгөрсөн зунаас болзож эхлэн, энэ сарын эхээр нууцаар сүй тавьсан.