Өвлийн жавар ид тачигнаж, ес эхэлсэн энэ өдрүүдэд Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хэрэглэгчийн сарын аяныг эхлүүлээд байна.
Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9.1.6, 35.1-д заасны дагуу өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэж талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд 2017-2018 оны халаалтын улиралд хэрэглэгчдийг ая тухтай өвөлжих нөхцлийг бүрдүүлэх, тэдний гомдол маргааныг яаралтай шийдвэрлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзмшигч нарт
-Хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүч /халаалт, хэрэгцээний халуун ус/-ээр хангах
-Хэрэглэгчийн гаргасан өргөдөл, гомдол саналыг цаг тухай бүрт хүлээн авч түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэж байх
-Хариуцсан ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чанар, байдлыг дээшлүүлж, сүлжээний усны температурын график холбогдох байгууллагаас баталсан горимыг баримтлах
-Ажлын байрны эмх цэгц, дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанаржуулах, аваар осол, сааталгүй ажиллах;
-Хэрэглэгчийн аяны хүрээнд идэвхи санаачлагатай, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж ажиллах шаардлага хүргүүлээд байна.
Мөн УБДС ТӨХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээтэй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгчийн өргөдөл, гомдол, дуудлагын нэгдсэн төвд хандсан бүртгэл судалгаанд үндэслэн Нийслэлийн дүүргүүдийн маргаантай орон сууц хотхон, сууц өмчлөгчдийн холбоодод шалгалт хийж эхлээд байна. Мөн гэнэтийн үзлэг шалгалтууд хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллах юм байна.
Эрчим хүчний зохицуулах хороо