Дэлхий сүйрснээс хойш таван жилийн дараа …

Маяачуудын он тоолол 2012 оны 12 дугаар сарын 21 өдөр дуусч, манай дэлхий сүйрэх ёстой байв. Галав юүлж, ан цав гарч, байшин барилга нурж, тог цахилгаангүй болж, хүнс, усны дутагдалд орно гэж төсөөлж байлаа. Холливүүдийн зөгнөлт кинонууд энэ өдөр биеллээ олж, АНУ л айхтар том хөлөг онгоцоор дэлхийн баячуудыг сар руу, ангараг руу  зөөнө гэж төсөөлж байв.

Монголчууд тэнгэр заяатай учраас цунами болсон ч Гималайн уулсад хашигдан усанд живэх аюулаас аврагдах хэдий ч тог цахилгаан үгүй учраас нүүдэлчин үе рүүгээ шилжих нь амь насанд халгүй гэж тайлбарлаж байсан учраас лаа шүдэнзээ л ихээр бэлтгэж байсныг санаж байна. Зарим мундаг докторууд зуслангийн газар руугаа нүүж, зарим мундаг бизнесмэнүүд дэлхий сүйрэх өдөрт хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө зөвлөмж бүхий ном зохиол гаргаж, түүнээс багагүй ашиг хүртээд авсан юмдаг.

Дэлхий сүйрэх гэж байхад мөнгөөр ч яах вэ дээ гэсэн дэлхийн баячууд хандив өргөж байхад манай баячууд хадгаламж дахь хөрөнгөө валютаар солиулж байсныг маш сайн санаж байна.

Гэвч дэлхий сүйрсэнгүй. Ямар ч уран зөгнөл биеллээ олсонгүй. Кино зохиол дээр гардаг шиг үзэгдэл битгий хэл зүүн өмнөд ази болон арлын орнуудад болоод байдаг хар салхи, цумани нь ч болсонгүй. Эгэл жирийн 12 дугаар сарын 21-ний өдөр болж, 22-нд шилжив. Гэртээ хамаатан саднаараа бүгсэн хүмүүс маргааш нь бие биенээсээ ичиж, “би хэлсэн биз дээ. Юу ч болохгүй гэж” хэмээн цэцэрхэж гарав. Шартсан залуус маргаашийн нарыг гөлөрч, дэлгүүрийн зүг, гоймондохоор уралдав.

Лагерь руу явсан доктор таг болов. Зөвлөгөө өгч, ном зарж, лаа шүдэнз шахсан бизнесмэнүүд гадагшаа зугтав. Харин энд амьдрал урьдынх шигээ хэвийн бүр дэндүү хэвийн үргэлжлэх нь тэр. Одоо хүмүүс тэр өдрийг дурсаж, бие биенээ элэглэж, инээж, шоолж байна. Тиймээ дэлхий сүйрснээс хойш таван жил өнгөрчээ.

“Яг үнэндээ сүйрэл болчихсон юм биш үү. Одоо дэлхий дээр долоон тэрбум сүнс амьдарч байна” гэж хошигнох хүмүүс олон л байна. Гэхдээ 2012 он 12 дугаар сарын 21-ний өдөр дэлхийн иргэд яасныг хэлж мэдэхгүй юм. Монголчуудын хувьд сүйрэл гэж хэлж болохуйц зүйл болчихсон.

Магадгүй энэ өдрөөс хойш цахим хуудсаар дамжуулан иргэдийг яаж ч мунхруулж болно гэдгийг “ТЭД” ойлгож авсан. Одоо фейсбүүк хэрэглэгчдийг хэн дуртай нь удирдаж, өөрийн тоглоомын бай болгож байна.

Сципион Сигелийн “Хөөрсөн түмэн” номонд “… Нийгмийг амгалан байгаа гүн цөөрөмтэй адилтгаж болно. Цөөрөм рүү дахин дахин чулуу шидье. Энэ үед чулуу унасан хэсгээс долгион эхэлж, цаашид газар аван өргөжсөөр бүр эрэгт хүрдэг. Ертөнцөд бас л ийм юм болдог. Юу гэвэл, нэгэн суут хүн оюун ухааны тогтонги намаг руу санаа шидлээ. Энэ санааг эхлээд цөөн хүн дэмжинэ. Бусад нь муу үнэлгээ өгнө. Тэгсэн атал уг санаа цөөрмийн цэвэр гадаргуу дээрхи үелзэл лүгээ адилаар тархан дэлгэрдэг” гэжээ.

Энэ номонд зөв санааг, эсвэл буруу санааг хэрхэн түгээд, дэлгэрүүлж болдог. Үүнд төөрсөн түмэн ямар үүрэг рольтой оролцдог тухай дурдсан байгаа. Харин цахим сүлжээ нийгэм гэх цөөрмийг хүссэнээрээ үелзүүлж байна. Энэ ертөнцөд хамааралтай оршин суугчдаар дамжуулж өөрийн хүслийг гүйцэлдүүлж байна. Тиймээс л дэлхий сүйрсэн. Одоо дэлхий биш цахим хуудасны оршин суугчид л, цахим сүлжээ гэх гаригийнхан л амьдарч байна. Тэдэнд амьсгалах аргаар, идэх хоол, дурлах сэтгэмж байхгүй. Тэд хайрыг хэн нэгэн сайхан гэж бичвэл түүнийг шейрлэж, хоолыг хэн нэгэн муухай гэвэл түүнийг лайкдаж, эцэг, эхийг мөнгөний машин гэвэл түүнд алга ташин коммент бичиж байна.

Энэ гаригийн хүмүүст тархи гэж байхгүй. Тэдэнд нүд, гар л бий. Тэд зүгээр л удирдлагатай робот шиг хоног өдрийг өнгөрүүлж байгаа. Команд өгвөл олуулаа шаагилдаж, зогс гэвэл бүгд таг алга болно. Тэдэн дунд хааныг нүцгэн байгаа гэж хэлэх зоригтон, сэтгэх тархитан алга. Би ч бас энэ гаригийн оршин суугч… Манай гаригт суутан бус элий хүн од болдог. Манай гаригт сэтгэгч бус олон дагагчтай нь тэргүүнд явдаг. Хэрвээ “ном унших сайхан” гэвэл бүгд л тэр үгийг үг бүрчлэн уншиж, амандаа давтана. Мөн хэлбэр загвар талаас нь хөөцөлдөж, номын санг эцгүйчилж, номын дэлгүүрийг боорлоно. Түүнээс тархиндаа сэтгэмжиндээ авч байгаа мэдээлэл, мэдлэг тун хомс… Хэрвээ Улаан нүдтэн гоё зохиол гэвэл түүнийг л олноор авч уншина, шүтнэ, биширнэ. Дотор нь түүх гуйвж, тэнэг мунхаг гэж бичсэн байх нь хэнд ч хамааралгүй. Гаригийн тэргүүлэгч өчигдрөөс өмд өмсөхөө больсон гэвэл цоо шинэ nick name өгөөд түүнийг нь нео урсгалынхан эхэлж дагаад нийгмээрээ түүн рүү хошуурна. Зохиж байна уу гэж толинд хардаг ичих булчирхай энэ гаригийнд байдаггүй…

Гэтэл 2012 оноос өмнө дэлхийн оршин суугчид сэтгэдэг, дурладаг, хүндэлдэг, ичдэг ядаж л хооллодог байсан юм… Дэлхий сүйрснээс хойш ТАВАН жилийн дараа дэлхийд амьдарч байсан, шинэ гаригийн иргэн бичив.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …