Өнөөдөр Цагдаагийн байгууллага 2017 онд хийсэн бүтээснээ дүгнэх болон амжилттай ажилласан ажилчдаа шагнаж урамшуулах үйл ажиллагааг СТӨ-нд зохион байгууллаа. Энэ жилийн хувьд цагдаагийн байгууллага нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийх болон мэдээллийг хэрхэн боловсруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилтын хүрээнд хэд хэд дэвшилтэд арга хэмжээг авч ажилласан байна.
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэдийн тоог бууруулах, бүтээлч ажил, санал санаачлагыг дэмжиж урамшуулах тогтолцоог хэрэгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
Ирэх 2018 онд Аюулгүй хот төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайн хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээг авах бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн авто машины шинэчлэлийг хийх ажээ. Түүнчлэн зарим хороонд цагдаагийн хэлтсийн шинэ барилгыг барьж, албан хаагчдынхаа ажиллах нөхцөл боломжийг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ үеэр “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж, хамтран ажиллах зорилгоор Олон нийтийн цагдаа, Оюутан цагдаа зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ганзориг мэдээллээ.