ОХУ, БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөллөө


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөхөөр тусгасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарим гишүүн асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан Баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч аваад их удаж байгаа. Гэтэл бидэнд дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулах боломж бий. Ховд гол дээр УЦС байгуулах хоёр ч төсөл боловсруулагдсан. Тодорхой шийдвэрүүд гарсан ч төслүүдийн аль нь ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Ховд голд хэд хэдэн УЦС барих боломжтой. Хүчтэй урсгалтай энэ голд 90 мгв хүчин чадалтай УЦС барих боломжтой бөгөөд ингэвэл дотоодоо эрчим хүчээр хангаад зогсохгүй гадагшаа экспортолно. Түүнчлэн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхдээ нийслэл, орон нутагт өөр хувь тогтоосон. Ингэж ялгаварлаж болох уу?.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Баруун бүсэд эрчим хүчний хэрэглээ цаашид өсөх тооцоо бий. Тиймээс хоёр УЦС-ыг барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. УЦС баригдсанаар эрчим хүчний бие даасан байлыг хангахад маш их үүрэг гүйцэтгэнэ. УЦС барихаар өмнө нь хийгдэж байсан ТЭЗҮ болоод бусад баримт бичгийг судлан үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хэлэхэд, Улаанбаатар хотын захын гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь, орон нутгийн хэрэглэгчдийнхийг 50 хувиар хөнгөлж байгаа. Нийслэлийн хувьд хэт төвлөрсөн, түүнээс үүдээд агаарын бохирол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Мөн эх үүсвэрээсээ шалтгаалан ийм зохицуулалт хийж байна. Аймаг орон нутгийн эрчим хүчний хөнгөлөлтийг 100 хувь болговол эх үүсвэр маань хүрэлцэхгүй болно. Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь хөнгөлснөөр утаа буурахад бодитой нөлөө үзүүлж байгаа гэв

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжиж байгаа. Бид нүүрсний, нарны болон салхины энергийн асар их нөөцтэй улс. УЦС барих асуудлыг мөн дэмжих ёстой юм. Ийм их нөөцтэй байж гаднаас цахилгаан авах явдлыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай. Хаана нөөц их байна, түүнийгээ ашиглах чиглэлээр Засгийн газар, салбарын сайд онцгойлон анхаарч ажиллах байх. Өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох боломж байгааг анхаараарай гэж хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авч хуулиуд батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …