Замын цагдаагийн албанаас “Шинэ жил-Эргүүл хяналт” арга хэмжээг зохион байгуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт шалгалт болон хөдөлгөөн зохион байгуулалт хийж үүрэг гүйцэтгэж байна.
Энэхүү арга хэмжээ нь шинэ жилийн баярыг угтаж Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн гаралтыг бууруулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг тогтворжуулах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Шөнийн эргүүл хяналт шалгалтаар алба хаагчид 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө ХУД-ийн нутаг Энхтайваны гүүрний баруун урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэрэгт шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд уг ослыг T.Landcruiser-200 маркийн автомашины жолооч А гаргасан болохыг тогтоон шалгаж байна.
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэний 2 нь бага насны хүүхэд байсан бөгөөд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол тус тус бүртгэгдсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь хохирчээ.
Тухайлбал Дорнод аймгийн Цагаан уул сумын нутаг Сахилт нуур гэх газрын шороон замд H.Sonata-6 маркийн автомашин онхолдож, зорчигч 55 настай С-н амь нас хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөний замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 11 настай Т, 7 настай Н нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргүүдийг тус тус шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: ЗЦА