Урд хилийн асуудал нааштайгаар шийдэгдэж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ян Циндун манай ГХЯ-ны албаны хүмүүстэй уулзаж, Ганцмод-Гашуунсухайтын боомтод үүсээд байгаа нүүрсний ачаа тээврийн автомашины асуудлыг нааштай шийдвэрлэж байгаа талаар ярилцсан тухай эх сурвалжууд мэдээлэв.
Үүний үр дүнд манайхаас гаргаж буй нүүрсний хэмжээнд ахиц гарч хоногт 500 орчим ачааны машин хилээр гарч байсан бол сүүлийн өдрүүдэд 700 гаруй болж нэмэгджээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хятадад айлчлах үеэрээ Хятадын албаны хүмүүстэй тодорхой асуудлууд ярилцсаны дотор Ганцмод-Гашуунсухайтын боомтын асуудлаар голлож ярилцсан талаараа мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр айлчлалын үр дүн эхнээсээ мэдрэгдэж эхлээд байна гэж хэлж болохоор болох нь.
Хамтарсан мэдээнд нүүрс тээвэрлэлт, хилийн боомтын асуудлыг тусгуулж тодорхой хугацааны дараа Хятадын Засгийн газраар нааштай шийдвэрлүүлж чадсан нь манай эдийн засагт сэргэлт болох юм.
ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ цаг үед манай уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортонд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх, улмаар экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр тодорхой тохиролцоонд хүрсэн нь ард иргэдийн хувьд ажлын байрыг бий болгох, цалин орлогын эх үүсвэрийг тогтвортой хадгалах зэрэг бодит ач холбогдолтой билээ.
Б.Анир