Жил бүр “Лантуун Дохио” төрийн бус байгууллага санаачлан “Ид шидийн уут” аяныг зохион байгуулдаг билээ.
Тэд сайн дурын залуусын хамт мөн хандивлагчдыг тусламжтайгаар нийслэлийн болон зарим аймаг, сумын хотын захад гундуухан амьдарч яваа айл өрхийн хүүхэд, хөгшчүүдэд хэрэгтэй бэлгийг нь өгч баярлуулдаг сайн дурын үйлс юм.
Энэ жил гэхэд долоон мянга орчим бэлгийг 1,500 айл өрхөд тараан өгч хүүхдүүдэд жаахан ч болтугай баяр баясгалан нэмжээ.
Бэлэг хандивлагчдад есөн настай М.Нандинчимэг охины өөрийн гараар урласан 100 ширхэг үсний боолтоос эхлээд томоохон групп компаниудын бүтээгдэхүүнүүд багтжээ.
Ингээд энэ жилийн “Ид шидийн уут” аяны онцлох хэдэн мөчөөр хамтдаа аялцгаая.
НЭГ. ӨМСӨХ ГУТАЛГҮЙ ХҮҮХДҮҮД ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖААР ГҮЙЛДЭНЭ…
Бэлэг тараах аян эхлэхэд өвлийн хүйтэнд гудамжаар зуны сандаалтай явж байсан олон хүүхэдтэй таарчээ.
“Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан энэ тухай бичихдээ “Омогшсон ард аа. Твиттер Фэйсбүүк яахав. Энэ гудманд чинь хүүхдэд өмсөх гутал ч алга” гэж бичсэн байсан олон хүний анхаарлыг татна…
ХОЁР. ЦАСАН ОХИНЫ НУЛИМС
Ц.Азжаргал “Төр нь энэ охиныг хайрлаж хамгаалж чадахгүй байхад энэ охин яагаад “Хайртай Монгол орноо мандуулья аа” гэж дуулна вэ?
Долоо хоногийн өмнө би Ид Шидийн уут бэлэг тараалцан Баянхошуугаар цасан охин болж явлаа. Анх удаа явсныг ч хэлэх үү, анхны айлдаа ороод л өөрийн эрхгүй уйлаад эхэлчихэв. Яагаад гээч? Хашаагүй далий гэр дотор бяцхан МОНГОЛ охин цээжин дээрээ гараа тавиад өвлийн өвгөн аавдаа дуу дуулж өгөөч гэхэд сулхан энхрий хоолойгоор Монгол Улсын төрийн дуулал дуулахад миний зүрх шимшрэн нулимс шууд асгаран өөрийн эрхгүй олон эрээн бараан зүйлс бодов.
Энэ юу ч мэдэхгүй гэнэн цайлган бидний үр ямар ч ирээдүй хүлээж байгааг мэдэхгүйгээр дуулж байхыг сонсоход үнэхээр хэцүү байж би бүр цөхөрлөө.
Тэр охин яг МОНГОЛЫН ӨНӨӨДРИЙН ДҮР ТӨРХ байсан… жижигхэн, сулхан дуутай, нүүрсний утаа амьсгалсан… гэхдээ арай ч бууж өгч, найдвар тасраагүй… тэр охины ирээдүй бол бидний ирээдүй…”
ГУРАВ. ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮЧИРХИЙЛЭЛ …
Ч.Ганжавхлан “Орой болоод өвлийн өвөө, цасан охидууд нэг дор цуглан элдвийг ярилцана. Хоёр, гурван жил дараалан явж байгаа өвөө нар амьдрал эрс дордсон байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө.
Овоо засраад, дэвжээд явж байсан айлын аав нь архинд орж хүйтэн, давчуу, айдастай болсон байгааг ярилцана. Миний хувьд ч ялгаагүй бүр ганц найдаж, итгэж тусалж явсан айл маань хүчирхийлэл, архины золиос болжээ” …
ДӨРӨВ. ТЭД ЯМАР Ч БҮРТГЭЛ ҮГҮЙ…
Ч.Ганжавхлан “7,000 орчим бэлэг тараав. 1,500 гаруй айл өрхөөр орж дуу, шүлэг болов. Баяр болоод гуниг зэрэгцэн, нүд хальтрам аймшигт төрхийн өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн “Миний хүү мундаг хүн болоорой” гэж хэлэх бол өвлийн өвгөний хувьд хамгийн хэцүү хэсэг нь юм. Юунд найдаж, хэнд итгэж мундаг хүн болоорой гэж хэлж байгаа юм бол гэдгээ тэр өөрөө ч үл мэднэ.
Бидний энэ их хийрхэл, улстөржилт, утга учиргүй новшийн амьдрал дунд ямар ч гэм хийгээгүй хүүхдүүд, төрсөн нь золиос болж төрж ч амжихгүй хорвоог орхиж байна.
Ийм үед бид Монгол гэж цээжээ дэлдээд, хорвоод хосгүй гэж хоолой мэдэж чарлаад яах юм бэ”
ТАВ. ШИНЭ ГЭР
Б.Базарсүрэн “7 хүүхэдтэй 9 ам бүлтэй айлаар санаандгүй орсон юм. Тэр айлаас “Өвлийн өвөөдөө чин хүслээ шивнэнэ үү гэтэл 4 ханатай гэрээ 5 ханатай болгочихсон хүүхдүүд маань хичээл даалгавраа хийх талбайтай болвол хүсэл биеллээ” гэж даруухан хэлсэн юм.
Ч.Ганжавхлан “Ингээд өвлийн өвгөн маань энэ талаараа найз нөхдөдөө хэлж гадаадад амьдардаг түүний 5 найз нийлээд гэрийн мөнгө цуглуулж явуулсан ба 5 ханатай гэрээ аваад яг одоо 20 гаруй залуус цуглаад тийшээ гэр тавилга ачаад хөдөлж байна. Тэр айл үүнийг мэдэхгүй байгаа. Анагаахын төгсөх оюутнууд нийлээд тавилга авч өгч байна, Санхүүгийн оюутнууд бие хүчээрээ тусалж байна, 510.000 төгрөгний зуухыг 50 хувь хямдруулаад Д.Наранцацрал эгч маань авч өглөө … гэх мэт дэм дэмэндээ сайхан бүтэж байна өө…”
ЗУРГАА. УТАА Ч БОЛОВ ГАРГАХСАН
“Хөлдөж үхэхгүй хонохсон. Хөнжил пүүгээндээ шургаад үүрдийн үл цухуйхсан. Хотын ах эгч нарын үзэн ядах хэдэн ширхэг нүүрс олж авахсан. Дулаахан хонох ямар байдаг бол ? … Юу ч хамаагүй идэхсэн. Нээрээ юу ч хамаагүй идэхсэн дээ … Юу ч хамаагүй түлэхсэн, тэр хаягдал тосоол эсвэл дугуй бампир юу ч хамаагүй түлж дулаацахсан. Ямар ч хүйтэн шөнө вэ дээ … Чишшш бид нар ийм юм түлж дулаацвал гэмт хэрэгтэн бусдын хүүхдийг хордуулсан ялтан болох юм гэсэн …. Ах аа, гэхдээ бид нар ч гэсэн хүүхэд биш гэж үү …” Ч.Ганжавхлан
ДОЛОО. ТАЙЛБАР ҮГҮЙ …