Шинэ зууны хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойлогч цахим сэтгүүл зүйн мэдээллийн хэрэгслийн уншигч, хэрэглэгчид болон тус салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэндээ  айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

Улиран одож буй 2018 онд цахим салбарын 8 жилийн түүхтэй ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо түүхэндээ нэрлэгдэн үлдэх олон ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Монголын сайтын холбооноос санаачлан  Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэргүүтэй хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагууд болон төрийн байгууллагуудтай хамтран цахим  сэтгүүл зүйн салбарт оюуны өмчийг дээдлэх, оюуны өмчийн зөрчилгүй ажиллах чиглэлээр сайтын сэтгүүлч, редакциудад мэдээлэл өгөх, бусдын оюуны өмчийн бүтээлийг дур мэдэн зөвшөөрөлгүй авч өөрийн сайтдаа  нийтлэдэг явдлыг таслан зогсоох, оюуны өмчийн зөрчил гаргасан сайтуудын зөрчлийг хэрхэн арилгах гэх зэрэг олон асуудлаар нэгдэн Зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг гаргаж мөрдөн ажиллахаар боллоо. Түүнчлэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МОСАХ-оос Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж, цахим слбарын сэтгүүлчдийг хамруулан оролцууллаа.

Монголын Сайтын холбоо гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлд анхааран ажиллаж БНСУ-д зохион байгуулагдсан “Дэлхийн сэтгүүлчдийн форум” болон ОХУ-ын Эрхүү хотод болсон “Хэвлэл мэдээллийн ажилтнуудын чуулга уулзалт”, БНХАУ-ын дарга Ши Жин Пины урилгаар Хятад улсад айлчилсан сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд холбооны төлөөлөл оролцуулан монголын цахим сэтгүүлзүйн салбарын мэдээллийг тухайн улс орнуудын сэтгүүлчидэд танилцуулж,  цахим мэдээллийн салбар хэрхэн хурдтай ажилладагыг газар дээрээс нь шуурхай харуулж чадлаа.

Өнгөрөгч  2017 оны 9 сард  Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Германы DW академитэй хамтран  зохион байгуулсан сургалтанд гишүүн сайтын сэтгүүлчдийг хамруулж, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн болон хэвлэлийн ёс зүйн  сэдвээр  ХБНГУ-ын Дойче Веллэгийн олон улсын харилцааны хэлтсийн дарга, сэтгүүлч ноён Клаус Бэргмэнээс номын дуу сонсголоо.

Монголын Сайтын холбоо хоёрхон хоногийн өмнө 2 жил тутамд  нэг удаа болдог Цахим сэтгүүлзүйн оны тэргүүн наадам болох WEB AWARDS -2017 арга хэмжээг  Мэдээллийн сайтуудын ассиоцаци болон Тэргүүлэх сайтуудын холбоотой хамтран амжилттай зохион байгуулж Цахим сэтгүүл зүйн салбарын шилдэгүүдийг шалгаруулан алдаршууллаа.

Бид салбарын хамт олонтойгоо  хамтдаа хийж хэрэгжүүлсэн эдгээр олон ажлуудыг нэрлэж болохоос гадна ирэх онд хийх ёстой  олон ажил  биднийг хүлээж байгаа гэдгийг хэлэх байна.

Учран золгож буй 2018 онд Монголын сайтын холбоо ололт амжилтаа бататган, цаашид Цахим сэтгүүл зүйн хөгжлийн тулгамдсан асуудал болох цахим салбарын эрх зүйн орчныг сайжруулах, интернэтийн хуулийг батлуулах,  мэргэжил нэгт сэтгүүлч нөхдийнхөө хөдөлмөрийг зөв үнэлэх, салбартаа шударга ёсыг хэвшүүлэх, оюуны өмч болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, уншигчаа хүндлэх, ёс зүйн кодексийг цахим сэтгүүл зүйн салбарт хэвшүүлэх гээд цахим  сэтгүүл зүйн салбарыг  хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой  ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Бид бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхдээ мэргэжил нэгтэй нөхөд, салбарын байгууллагуудын идэвхи санаачлага, хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх болно.

Цахим сэтгүүл зүйн эрх чөлөө гэдэг бол дан ганц сэтгүүлчийн эрх биш бөгөөд мэдээлэл олж авах, үг үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон Монгол улсын иргэний эрхийн илэрхийлэл гэдгийг бид мартах учиргүй гэдгийг энд цохон тэмдэглэх байна.

Интернэт хэрэглэгч, цахим сайтаар зочлогч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ  ЕРӨНХИЙЛӨГЧ  Э.БАТХҮҮ