Баярын өдрүүдэд 7,350 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав


Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/341 дүгээр тушаалыг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нар тушаал, шийдвэр гарган бие бүрэлдэхүүнд баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангах, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, анги байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх талаар тодорхой үүрэг даалгавар өгч ажилласан байна.

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” шинэ жилийн цэнгүүнд зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл явуулахад нийт 660 алба хаагч /давхардсан тоогоор/, 224 авто машин техник хэрэгсэлтэй хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлыг хангуулан, арга хэмжээний үеэр аврах, гал унтраах томилгоот бүлгүүдийг ажиллуулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллав.

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 24, обьектын гал түймрийн 50, нийт 74 удаагийн дуудлагаар ажиллаж, 55 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Энэ хугацаанд аврах, шуурхай албаны болон гал унтраах нийт 1,829 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 7,358 алба хаагч жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …