Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чөлөөт уран бүтээлч Д.Төмөртогтоход урлагт зүтгэсэн нэр их хөдөлмөрийг үнэлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан юм.
Тэрбээр “Мандухай цэцэн хатан” киноны Мянхай жанжны дүрээр олон түмнээ танигдаж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Ану хатан” киноны Булат зэрэг олон баатрын дүрээрээ өөрийгөө мөнхлөн, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгээр үзэгчдийн зүрхэнд хүрч чадсан.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох одоогоор Өвөрхангай аймгийн Баянгол сумандаа мал эмнэлэгт ажиллахын хажуугаар олон сайхан уран бүтээлд авьяас билигээ зориулсаар явна. Хамгийн сүүлд “Эко” телевизийн “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит кинонд гол дүрийг бүтээсэн юм.
Тэрбээр ТV5 телевизийн мэдээний цагийн хөтөлбөрт оролцох үеэрээ “Мандухай цэцэн хатан” кинонд хэрхэн дүр бүтээх болсон тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ.