“Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны эхний дугаар энэ сарын 21-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ.
Голланд улсаас гаралтай “The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж.
The VOICE оf Mongolia шоу нэвтрүүлгийн шүүгчээр Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, On&Off продакшний захирал Сэдбазарын Ононбат, Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсад Heavy металь рок урсгалыг үндэслэгч, Хурд хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Дамбын Отгонбаяр, Монгол улсын төрийн соёрхолт, Монгол поп урсгалыг санаачлагч, Камертон хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд, Киви хамтлагийн ахлагч, дуучин Даваагийн Уламбаяр нар сонгогдсон юм.