Монгол бадарчин Амай буюу Жамбалсүрэнгийн Золбаяр бөөрний архаг дутагдалд орж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Тэрбээр нэгдүгээр сарын 1-ний өдөр эмчилгээгээ зогсоож, хөдөө очсон байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оны өмнөхөн телевизээр “Хэрэггүй ном” гэж хэлснийг өөрийнх нь “Монгол бадарчин” цуврал таван боть ном хэмээн ойлгож эмчилгээгээ зогсоожээ.
Харин тус асуудалд Ц.Цогзолмаа сайд тайлбар хийж, Амайгийн аавтай өчигдөр уулзаж, үнэн мэдээллийг хүргэснээ дуулгасан байна. Тэрбээр энэ талаар “Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярын аав доктор Цэен-Норовын Жамбалсүрэн гуайтай биечлэн уулзаж, телевизээр ярьсан таван боть ном нь Амайгийн ном биш болохыг тодруулан тайлбарлаж, бодит мэдээллийг өглөө” хэмээн өөрийн цахим хуудастаа өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл эмчилгээгээ зогсоосон Амай Ж. Золбаяр өчигдөр энэхүү мэдээллийг сонсож, сайдаас уучлалт гуйхаар болсон байна. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ.
Ж.Золбаяр”Ц.Цогцолмаа сайд өөрөөсөө биш харин би сайдаас уучлалт гуйхаар болсноо ойлголоо. Сайд Ц.Цогзолмаа аавтай минь өчигдөр уулзаж, болсон явдлын талаар хэлсэн байна. Хөдөө ирсэн ч гэлээ энэ хугацаанд их зүйл бодогдож, өнөөдөр өмнө нь тараад байсан мэдээлэл худал болохыг ойлголоо. Сүүлийн хэдэн сар эрүүл мэндийн байдлаас болж маш их хэцүү байдалтай байлаа. Үнэндээ монгол үндэсний түүхэнд гарах дараагийн есөн үед үлдэх тийм зүйлийг хийгээд ирэхэд төр засгаас дэмжлэг туслалцаа байгаагүйд их харамсаж байсан. Гомдол, уур бухимдал байснаас сошиалын худал мэдээлэлд хэт автаж, болчимгүй зүйл хийлээ. Төрийн сайдын нэр хүнд болон гэр бүлээс уучлалт гуйж, түүний нэр хүндэд халдсандаа харамсаад барахгүй байна. Би өөрөө монголд сошиал гэх зүйлийн эхлэлийг тавьж байсан хүний нэг нь. Гэтэл сошиалаас болж хэн ч алдаа гаргадаг болохыг харлаа. Тиймээс бүгдээрээ сошиалыг зөв талаас нь ашиглаж, бие биенээ муугаар хэлэхгүй зөв соёлтой байцгаая. Өнөөдөр нар мандах үеэр өөрийнхөө бурууг яаж ойлгуулах гэж их бодлоо. Намайг дэмждэг та бүхнээсээ уучлалт гуйж байна. Бүгдээрээ бие биенээ хайрлацгаая. Би маргааш эмчилгээгээ хийлгэх болно” хэмээн ярив.