Австрали улсад OOGII нэртэй брендийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэг шинэ оны эхний өдөр Австралийн Сиднейн хотын “Westmead” эмнэлэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний 01.20 минутад мэндэлсэн хүүгийн ээж Э.Сайнзаяад 1000 ам долларын эрхийн бичиг бэлэглэжээ. О.Оюунцэцэг өнгөрсөн оны гуравдугаар сард өөрийн нэрийн товчлол бүхий OOGII брендийг үүсгэн байгуулж могойн арьсан цүнх, гутал үйлдвэрлэж дэлхийн зах зээлд таниулахаар ажиллаж байна.
Тэрбээр Австрали улсад амаржсан Э.Сайнзаяагийн талаар цахим хуудастаа”2018 оны дэлхийн анхны хүүхдийн нэг Австрали улсад төрсөн хүүхэд Монгол хүү байсан гайхалтай сайхан мэдээг Монгол хүн бүр, дэлхийн иргэд баярлан бэлэгшээн хүлээн авсан билээ…Монгол хүүд аав Сүбээдэй нь Энхмөнх гэдэг сайхан нэрийг өчигдөр хайрлажээ.Энхмөнхийн ээж Сайнзаяа нь өдгөө Австралийн Сидней хотод сурдаг оюутан бөгөөд ингээд хоёр сайхан хүүгийн ээж болж байна.
Сүбээдэйн Энхмөнх 2018 оны 1 сарын 1 ны 1 цаг 20 минутад 4,150кг жинтэй 51,5см өндөр төржээ. Эх үрийн бие сайн, өнөө өглөө “Westmead Hospital” эмнэлгээс гэртээ гарсан сайхан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. Мөн OOGII brand ын хамт олон энэхүү сайхан үйл явдлыг бэлэгшээн 2018 онд төрсөн дэлхийн хамгийн анхны иргэний ээжид $1000 ын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг бэлэглэж байна. Монголын үрс, дэлхийн хүүхдүүд эрүүл энх байх болтугай!” хэмээн бичжээ.