С.Эрдэнэбат:Татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байна

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана”, “Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж тохиролцсон билээ.

Нэмэлт хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд  хувь хүний орлогын албан татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж  санал байр суурийг Засгийн газарт хандан удаа дараа хүргүүлсэн.

Гэвч Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахгүй байна. ҮЭ-ийн гишүүд, иргэдийн зүгээс татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж эхлээд байна.

Иймд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулах хэрэгтэй байна.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байхад Засгийн газар, ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлт үзүүлсэн. Эдийн засгийн хүндрэлээс гарах боломж нээгдэж байгаа тул ОУВС-тай хийсэн хэлэлцээртээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлж байна.

МҮЭХ шаардлагын хариуг нэгдүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг шаардаж байна. Шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлж, холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэдгээ илэрхийллээ.

Г.Нараа

 


Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …