“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан юм.
Уг системийн тусламжтайгаар өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.
Малчид өөрийнхөө хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд гардуулан өглөө.
Төслийн хүрээнд цаашид цаг агаар, бэлчээрийн мэдээллээс гадна малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ зэрэг багц мэдээллийг хүргэхээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар