Шатахуун импортлогчид төрд төлөх татвараа биднээс авна

Машин барьдаг “манайхан” Улаанбаатарт амьдрахад үнэхээр хүнд байгаа бололтой. Түгжирч, түгжирч яваад очтол клонк дээр “шатахуун байхгүй” гээд угтвал яах вэ.  Шалтгаан нь зарим клонк ачаалал ихтэй, зарим нь шатахуун дуусчихсан гэсэн дам, сураг мэдээлэлтэй л холбоотой. Тэгээд ч ийм мэдээ сонсчихсон хүн өмнө нь 20 мянган төгрөгт шатахуун авчихдаг байсан бол энэ удаад банкаа дүүргээд явахыг хүснэ. Үүнээс л үүдэж, клонкуудын шатахуун төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусч байна.

Дарин дээр давс гэгчээр сошиал хуудас дээрх мэдээллүүд Монголыг шатахууны хомсдолд орсон гэж итгүүлж байгаа юм. Харин албаныхан “бидэнд шатахуун бий” гэж мэдэгдсээр байна. Хамгийн гол нь шатахууныг төр бус хувийн хэвшил худалддаг. Тэдэнд л хомсдол үүсгэх үү үгүй юу гэдэг ганц эрх мэдэл байна л даа.

Тэд зарахгүй гэвэл бид хэцүүднэ. Эсрэгээрээ бид авахгүй гэвэл тэд ч бас хэцүүднэ. Тэгвэл шатахуун импортлогчид яагаад хомсдол үүсгэж, шатахууны үнээ нэмсэн талаар дөнгөж сая ингэж тайлбарлалаа.

Үүнд ерөөсөө гуравхан шалтгаан байна. Нэг нь манай төр татвар нэмчихсэн, нөгөөх нь дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ өссөн, гурав дахь нь номхордоггүй ноён доллартой холбоотой аж. Ийм л тайлбарыг Монголын шатахуун импортлогчдын төлөөлөл гэх хоёр залуу танилцууллаа. Долларыг бол угаасаа номхоруулж чадахгүй байгаа. Тэгээд ч манай дээдсүүд долларын ханшийг буулгах гэхээсээ өсгөх дур сонирхол ихтэй. Харин дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийг буулгах эрх мэдэл манайханд арай ч хүрэхгүй биз. Тэгээд ч дэлхийд ханш нь хямд байхад эх орондоо хямдруулж чаддаггүй нөхдүүд, өсчихөөр буулгана гэж юу байх вэ.

Харин татвар нэмнэ гэдэг асуудалд дан шатахуун импортлогчид бус Монголын ард түмэн бүгдээрээ л дургүйцэж эсэргүүцэж байгаа. Эсэргүүцлийн жагсаалыг ч өрнүүлээд авсныг харсан байлгүй. Уг нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “татвар нэмэхгүй” гэсэн үгс маш тодоор бичээстэй байдаг л даа. Гэвч сонгогдож л байвал юу ч гэж амлалт өгч болдог. Дараа нь яаж ч булзайруулж болдог гэдгийг л манай эрх баригчид итгэл үнэмшилтэйгээр харуулж байгаа явдал юм.

Саяхан манай нэг түшээ “татвар нэмснээр жирийн иргэнд ямарч дарамт учрахгүй. Цалин багатай бол өндөр орлоготой хүмүүсийн өмнөөс битгий санаа зов” гээд л чухал царай гарган ярьж байгаа нь харагдсан. Цалингаас авах татвар яах вэ. Шатахуунаас авсан татвар чинь бага орлоготой бидэнд дарамт учруулах нь байна. “Шатахууны үнийг өсгөнө. Өөр арга байхгүй. Бид алдагдал хүлээж байна” гээд шатахуун импортлогчид чинь мэдээлчихлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл төр төлөх татвараа бидний халааснаас авч өгнө гэж мэдэгдлээ. Тэгтэл манай түшээд “татварын нэмэгдэл та бүхэнд дарамт учруулахгүй” гээд тааралдсан хэвлэл болгондоо тоть шиг давтан хэлж явна. Яачихсан улс орныг, ямар хүмүүс нь удирдаад байна вэ? Яг ийм эгзэгтэй үед Ерөнхий сайд Солонгост, салбарын сайд нь Германд айлчлал хийгээд явна гэнэ үү. Боль л доо.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …