Жирэмслэлт, хүүхэд төрүүлэх гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эрхэм, нандин зүйл билээ. Тэгвэл нас дээр гарсан хойноо хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд байдаг. Библи сударт Сара гэгч 90 нас хүрч байхдаа бурхны ивээлээр хүү төрүүлсэн тухай өгүүлдэг. Ер нь түүхэнд 50-иас дээш насандаа, тэгэхдээ хэвийн байдлаар хүүхэд төрүүлсэн тохиолдол нэлээд бий. Ингээд ахмад насандаа хүүхдээ төрүүлсэн ээж нарын заримтай нь танилцъя.
Ражо Дэви Лохан
Энэтхэгийн Ражо Дэви Лохан 2008 онд 69 насандаа Навээн охиноо төрүүлсэн. Тэрээр Хиссар тосгонд Навээн охин, нөхөр Балло, түүний хоёр дахь эхнэр Умигийн хамт амьдардаг. Тэрээр хүүхдээ төрүүлэхдээ амь насаа бараг алдах шахжээ. Ражо хэлэхдээ “Навээн надад бурхнаас ирсэн бэлэг. Би түүний хүнтэй суухыг нь хармаар байна” гэжээ.
Далжиндер Каур
Энэтхэгийн Далжиндер Каур гэх эмэгтэй 2016 онд 72 насандаа хуруу шилний хүүхэдтэй болжээ. Хос 46 жилийн турш хүүхэдтэй болохыг хүсч иржээ.
Омкари Панвар
Энэтхэгийн хоёр охин, таван ач зээтэй Омкари Панвар гэх эмэгтэй 2008 онд 70 насандаа хуруу шилний хүү, охин ихэр хүүхэдтэй болжээ. Омкари Панвар эд хөрөнгөө өвлүүлэх хүүтэй болохыг хүссэн бөгөөд нөхөр нь ч энэ саналыг дэмжсэн байна.
Адриана Илиеску
Румины Адриана Илиеску 2005 онд мөн л хуруу шилний аргаад хүүхэдтэй болжээ. Тэрээр охинтой болсон ба Элиза хэмээх нэр хайрласан. Их сургуульд багшилдаг байсан түүний шийдвэрийг шашинтнууд жигшсэн ч гэлээ охин нь түүнд амьдралынх нь утга учир болжээ.
Мариа дел Кармен Боусада де Лара
Испанийн Мариа дел Кармен 2006 онд 66 насандаа хуруу шилний ихэр хүүхэдтэй болжээ. Тэрээр хүүхэдтэй болохын тулд Америк руу явсан байна. Харамсалтай нь хорт хавдартай болсон Мариа 2009 онд нас барсан. Кристиан, Пау хоёр хүүг нь түүний төрөл саднууд өсгөж байгаа.
Элизабет Аденей
Английн бизнес эрхлэгч, үйлдвэрийн эзэн 2009 онд 66 насандаа Украинд 15,000 ам.долларын өртгөөр хуруу шилний хүүтэй болжээ. Тэрээр “Миний хэдэн настай байх хүмүүст хамаагүй. Харин мэдэрч байгаа аз жаргал минь л надад хамгийн чухал. Би юу хийснээ тайлбарлаж, хамгаалахыг хичээх ч албагүй” хэмээжээ.