МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ. МАХН-ын дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна.
Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
Улсын Дээд шүүх