Монгол цай чанах аргууд

Сүүтэй цай

Цайгаа хүйтэн усанд хийж давстай уудаг бол давсаа хийж буцалсных нь дараа, шар тос эсвэл цөцгийн тос, сүүгээ хийн самарч болгоно.

Хийцтэй цай

Халуун тогоонд шар тос эсвэл нимгэн хэрчсэн хонины сүүл хайлуулан дээр нь бага зэргийн гурил цацаж хуурмаглаад идээшүүлж тунгаасан /шааргүй/ цайгаа хийж, сүүгээ нэмж самарч буцалгана.

Будаатай цай

Будаагаа /шар будаа ч болно/ угааж ууранд хийн нүдэх, эсвэл махны модон дээр элдүүрээр дарж бяцлаад цөцгийн тос юм уу сүүлэнд хуурч /бага зэрэг гурил цацаж өгвөл бүр сайхан болдог/ болгоод идээшүүлж шүүсэн цайгаа /хар, сүүтэй цай/ хийж зөөлөн гал дээр буцалган будаагаа болгоно. Будаатай цайг олон дахин сайн самарвал төдий чинээ амттай болдог.

Хонины сүүлтэй цай

Нимгэн хавтгай хэрчсэн хонины сүүлийг тогоондоо хийж бага зэрэг хайрч, гурил будааны аль нэгийг нэмж дээр нь идээшүүлсэн хар цайгаа хийж сүлээд давсаар амталж сайн самарна.

Борцтой цай

Идээшүүлж тунгаасан цайн дээр нунтаг борц /нунтаг биш ч байж болно/ , сүү, давс, нэмж буцалгана. Мөн хийцтэй, будаатай цайнд ч борц хийж болно.

Халгайтай цай

5, 6 сард халгайг 4-6 салаа болтол дөрвөн хуруу орчим өндөр ургасан нялх үед нь түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч сүүтэй цайндаа хийж сайн самарч буцалгана.

Чөмөгний ястай цай

Хонины чөмгийг хугалж цайндаа хийн буцалгана. Ясыг сүүгээ сүлэхийн өмнө хийж буцалгах ёстой. Энэ цайг ядаргаа тайлах цай гэдэг.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …