Амралтын өдрөөр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж


Амралтын өдрүүдээр бид олон зүйлийг хийж, амжуулна даа гэж төлөвлөх нь элбэг. Тэгээд ням гаригийн орой ирэхэд бодож, төлөвлөсөн 15 зүйлээсээ ганц хоёрыг л амжуулсандаа сэтгэл дундуур амралтаа дуусгах бол түгээмэл зүйл. Ингээд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хүргэе.

1.Ажлын өдрүүдэд хэрэглэдгээс өөр чадвар, чадавхаа хэрэглэ, хөгжүүл

Ажлын өдрүүдэд ихэнх хүн давтагдмал, хэвшмэл зүйлийг хийдэг. Амралтын өдрүүдэд харин өөр зүйлс хийх нь таны хувийн аз жаргалд эергээр нөлөөлөх болно. Байнга хийдэг зүйлсээсээ өөр юм хийх нь тархины нейроныг өөрчилдөг ба ингэснээр таны сэтгэх, юмыг өөр өнцгөөс харах, хийх чадвар хөгждөг байна. Хөгжмийн зохиолчид ая зохиох үедээ орсон гацаанаасаа гарахын тулд тоглож байгаагаасаа өөр зэмсгээр аяа дарж үзэх нь элбэг. Өөр зэмсэг ашигласнаар тэд “асуудлыг” өөр өнцгөөс харах боломжтой болдог.

2. Бүх юмыг хийх гэж бүү оролд

Хэрэв та амралтын өдрүүдээр хийх 20 зүйлийн жагсаалт гаргаад сууж байгаа бол та анхнаасаа бүтэхгүй төлөвлөгөө гаргаж байгаа гэсэн үг. Хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд эрэмбэлж үзээд, хамгийн чухал гэсэн хоёр гурван зүйл дээр л анхаараарай. Хамгийн чухал эсэхийг тодорхойлохын тулд тухайн ажилд шаардагдах ажиллагаа ба үр өгөөжийг тооцоолж, харьцуулаарай. Зарим ажил их ажиллагаатай боловч, үр өгөөж багатай байдаг. Хажууд нь ижил ажиллагаа шаардах боловч үр өгөөж нь хамаагүй илүү ажлыг хийсэн нь дээр биз ээ.

3. Сэрмэгцээ өдрөө эхлүүл

“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг хоосонгүй хэллэг. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Мэдээж орой нь хангалттай эрт орондоо орсон байх ёстой. Ямартай ч сэрсэн даруйдаа шууд босож сурах хэрэгтэй. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй: дасгал хөдөлгөөн хийх, гэрээ цэвэрлэх зэрэг. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.

4. Тархиа амраа

Танд заавал хийж дуусгах ёстой ажлууд байхгүй бол тархиа амраах нь таны цаашдын бүтээмжид хэрэгтэй шүү. Явган аялал хийх, гудамжаар алхах, бясалгал хийх гээд тархийг амрааж, сэргээх төрөл бүрийн зүйлс байдаг. Бясалгал хийж сурахад тань туслах курс, гар утасны Headspace, Calm зэрэг олон аппликэйшн байдаг.

5. Нойроо нөхөж ав

“Нойрны өр” гэж ярьдаг нь үнэхээр бодит зүйл юм. Нойрны өртэй байхад та байнга ядранги байхаас гадна байнгын нойр дутуу явснаар илүүдэл жин нэмэх, зүрхний эмгэг, чихрийн шижингээр өвдөх магадлал илүү өндөртэй болдог байна. Хэрэв та ажил ихтэй байгаад нэг долоо хоногт нийт унтах цагаасаа 10 цаг хумсалсан бол амралтын өдрүүдээр дөрвөн цагийг нь нөхөөд дараагийн ажлын өдрүүдээр өдөр болгон нэг нэг цагийн эрт унтаж нөхөх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мэдээж байнга ингэж нойроо нөхөхгүйгээр тогтмол 7-8 цагийн нойртой байх нь хамгийн эрүүл зуршил шүү.

6. Хүсэж байгаа ажилдаа бэлд

Ажлын өдрүүдээр та одоо хийж байгаа ажлаа л хийдэг. Амралтын өдрүүдээр та харин хийхийг зорьж байгаа ажилдаа бэлдэж шинэ чадвар, чадавхаа хөгжүүлээрэй. Албан тушаал дэвших, шинэ ажилд орох аль нь ч бай өөр өөрийн гэсэн чадвар, мэдлэг шаардах тул та үүнд бэлдэн судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв үе бол амралтын өдрүүд шүү.

7. Аль нэг өдрийг нь ажлаас ангид өдөр болгоорой

Ажил амралтаа зөв зохицуулах нь хүн болгонд чухал. Харин та амралтын өдөр ч ялгаагүй ажлын имейлээ шалган, амжаагүй ажлаа дуусгахаар суудаг бол амралтын хоёр өдрийн ядаж нэгийг нь ажилтай огт холбоогүй өдөр болгох зарчмыг хэрэгжүүлээрэй.

8. Хэрвээ үнэхээр ажиллах хэрэгтэй байгаа бол өөртөө цагийн хязгаар тавь

Амралтын өдрүүдэд зургаа гэж ажил тардаггүй болохоор бид гэрээсээ ажиллахдаа замбараагүй хандах нь байдаг. Нэг мэдсэн бямба гарагийн оройн есөн цагт дуусаагүй сууж байж магадгүй. Ажилдаа анхаарлаа хандуулах 1-2 цагийг яс гаргаад түүнийгээ дуусмагц ажил дууссан үгүйгээс үл хамааран даваа гаригийн өглөө хүртэл нөүтбүүкээ унтрааж сурах нь чухал. Ингэж чадахгүй байгаа бол зарим хүн нөүтбүүкээ цэнэглэгч кабельгүйгээр нь авч яваад, баттерей нь дуусч унтрахаар нь ажлаа завсарладаг. (Мэдээж таны нөүтбүүк удаан барьдаг баттерейтэй байвал өөр зүйлээр цагаа баримжаалаарай)

9. Сайн үйлсэд нэгд

Бусдын сайн сайхны төлөө ажиллах нь хүнд сэтгэл ханамж өгөхөөс гадна, бусадтай харилцаж, хүмүүст туслан, тэдэнтэй харилцсанаар таны амьдралыг харах өнцгийг шинэчилж өгдөг. Амралтын өдрүүд нь ямар нэг сайн үйлсэд сайн дураараа оролцох хамгийн тохиромжтой үе. Байгаль орчин, ядуурал, эрүүл мэнд гээд олон төрлийн асуудалд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг хувь хүмүүс ба байгууллагууд ихээр явуулдаг болсон.

10. Ням гарагийн оройг хөгжилтэй өнгөрүүл

Ням гаригийн үдэш та өөрийн дуртай зүйлээ хийж сураарай. Тэгснээр та ням гаригийн орой дөхөхөөр дотор харлах биш харин ч дуртай зүйлээ хийнэ гэж битүүхэн баярладаг болно. Game of Thrones үзэх, ном унших, шинэ хоолны жор турших, бясалгал хийх гээд танд юу хамгийн хөгжилтэй, гоё байдаг тэрийгээ хийгээрэй. Мөн өнгөрсөн долоо хоногийнхоо талаар бодож, дүгнэх хугацаа гаргаж болно. Юуг амжилттай хийсэн, юунд та баяртай байгаа, ирэх долоо хоногийг яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож болно. Ингэснээр та маргааш өглөөний имэйлүүдээ бодож өөрийгөө ядраахгүй, тайван, өөдрөг зорилготойгоор орондоо орох болно.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …