Эрчим хүчний сайд М.Сономпил Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй “Амгалан” дулааны станцын барилгын ажил, ДЦС-3 ХК-ийн 50 мВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа.
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангах 300 Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай “Амгалан” дулааны станцын барилгын ажлыг өнгөрсөн сарын 21-нд эхлүүлснээс хойш газар шорооны ажил 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компаниуд салбарын сайдад дуулгалаа.
Дулааны станцын яндангийн суурийг ухаж бэлэн болгосноос гадна, нүүрс буулгах вагон хөмрөгч, үнс агуулах бункерийг бэлтгэх ажил дуусах шатандаа оржээ. “Амгалан” дулааны станцыг барих ажлын гүйцэтгэгчээр Хятадын машин инжинеринг корпораци /CMEK/ эргэн төлөгдөх, түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээ байгуулан ажиллаж ирэх оны наймдугаар сард бүрэн хүчин чадлаар ашиглалтад хүлээн авна.
Тус станц ашиглалтад орсноор нийслэлийн зүүн захын 50 гаруй мянган хэрэглэгчийн дулааны хангамж сайжирч шинээр дулаанд холбогдох боломж бүрдэнэ.
“ДЦС-3” цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 мВТ-аар өргөтгөх төслийн ажил долоодугаар сард эхэлсэн бөгөөд энэ онд багтаан захиалагч талд хүлээлгэж өгөх гэрээтэй ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажил 90 хувьтай графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж эхний ээлжийн тоног төхөөрөмжийг ДЦС-4 станцад суурилуулахаар ачуулаад байгаа аж.
“ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 мВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа барилгуудыг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болно. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний системийн чадлын дутагдлаас гарах боломжтой болж байгаа юм гэдгийг Эрчим хүчний яамныхан онцолж байлаа.