Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид орж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн доор зохион байгуулж буй “Нэг бүс-нэг зам” сэдэвт уулзалтад илтгэгчээр, “Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь”, “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралдаануудын хэлэлцүүлгийн оролцогчоор оролцохын зэрэгцээ гадаадын төр, засгийн төлөөлөгч нартай хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДЭЗЧУ-ын үеэр “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт хуралдаанд оролцох юм.
Энэ удаагийн чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллага, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 3,000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлгийг “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн доор 400 гаруй салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна.
Энэ жилийн чуулга уулзалтад:
Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Юнкер,
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп,
Францын Ерөнхийлөгч Э.Макрон,
Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо,
ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй,
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди,
Бразилийн Ерөнхийлөгч М.Темер,
Швейцарийн Ерөнхийлөгч А.Берсэ,
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ж.Ким нар оролцож байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллага (ДЭЗЧУБ)-ыг үндэслэгч, Гүйцэтгэх захирал, Профессор Клаус Швабын санаачилгаар 48 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг авч хэлэлцдэг уламжлалтай билээ.
Эх сурвалж: ГХЯ