Та жинхэнэ хайртайгаа учирсан гэж бат итгэж байгаа бол хайрттайгаа эдгээр кинонуудыг хамт үзээрэй. Хамт байх, нэг нэгнээ эцсийн мөч хүртэл хайрласаар байх нь ямар гайхамшигтай, ямар их утга учиртай болохыг ойлгоно.
Legend of the white Snake буюу Цагаан могойн домог
Хятадын “Цагаан могойн домог” гэх тулаант кино. Бидний танил Жет Ли тоглосон учраас ямар кино вэ гэдгийг гадарлаж байгаа байх. Гэхдээ энэ кино хүн, шулам хоёрын дундах хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Жинхэнэ хайрыг ямар ч номын хүч, ямар ч шулмын хорлол зогсоож чадахгүй гэдгийг харуулна. Эцэст нь хайр л бүгдийг ялдаг.
Everything
Хүнд өвчтэй өсвөр насны охин магадгүй үхлээ л хүлээж өдөр хоногийг өнгөрүүлнэ. Гэвч түүний хажуугийн байшин нэгэн залуу нүүж ирснээр амьдрал нь сонирхолтой болж эхэлдэг. Охины чин хүсэл гадаад ертөнцтэй танилцах, далай үзэх. Энэ хүслийг хөршийн залуу биелүүлэх бөгөөд өвчнөө ч умартан аялалд гарах болсон шалтгаан нь ердөө л хайр болон итгэл байлаа. Гайхалтай сэтгэл хөдөлгөм хайрын түүх. Хамтдаа үзэхэд хайртынхаа гарыг атгаж, үргэлж хамт шүү гэж хэлмээр мэдрэмж төрдөг.
The Fault in Our Stars буюу Монгол телевизүүд “Зөрж харвасан од”
Everything уран сайханы кинотой төстэй агуулгатай. Гэхдээ энд хайртай хосууд хоёул хорт хавдартай байдаг. Кино үхлийг даван туулсан ч амьдрах сонирхол буурсан охины гунигтай удаан алхаагаар эхэлдэг. Хэрвээ тэр хорт хавдартай хүүхдүүдийн цуглаанд очоогүй бол амьдрал нь энэ хэвээр л үргэлжлэх байсан биз. Харин тэр нэг өдөр амьдралын шал өөр үзэл бодолтой зөвхөн өнөөдрөөр амьдардаг залуутай танилцана. Гажиг, хачин… гэхдээ л сонирхолтой. Энэ харилцаа цаашлах тусам хайр болж хувирдаг. Хосууд унших дуртай номынхоо зохиолтой уулзахын тулд багагүй бэрхшээлийг даван туулна. Хүсэл тэмүүлэл тэднийг зогсоож чадахгүй нь мэдээж. Гэвч, өвчин бас үхэл, мөнх бус байдал. Үүнийг тэд мэддэг байсан ч хайртай учирсны дараа хагацлыг хэрхэн даван туулах вэ? Залуу бүсгүйд нэг л зүйлийг ухааруулсан энэ бол амьд байх. Мөнх бусыг үзэх хүртэл амьд байх нь хамгийн чухал. Тэр хүртэл тэдний хайр мөнх оршино …
The notebook буюу тэмдэглэлийн дэвтэр
Чинээлэг айлын охин өөрийнхөө ихэмсэг амьдралаа өрнүүлж байх үед эрх дураараа, давлиун зантай ажилчин залуу гэнэт гарч ирнэ. Түүний түрэмгий боловч өөр ертөнцийг мэдрүүлэх зан араншинд бүсгүй татагдаж эхэлдэг. Гэхдээ л нийгмийн давхарга тэдний хайр сэтгэлд саад учруулна. Шантарч, зугтмаар үйл явдлууд тохиолдож, яах гэж бие биедээ хайртай болов уу гэж эргэлзэх үе ч тулгардаг. Гэхдээ л эргээд бодоход энэ л хайр юм шүү дээ. Үргэлж улаан хивсэн дээгүүр алхам мэт амьдрал байвал утгагүй. Унаж босох болгонд жинхэнэ хайр улам л батжин, цэцэглэж байдаг.
Me before You буюу Чамтай учрахаас өмнөх би
Дэгжин, чинээлэг, бас амжилттай явсан залуу тэргэнцэр рүү шилжиж хөгжлийн бэрхшээлтэй болох үед хамаг сэтгэлийн гал нь бөхөж, амьдрах итгэлгүй болдог. Буурал ервопын уйтгартай амьдралд гэр бүлийн санхүүгийн асуудлаас үүдэлтэй завтай ажилтай гүйх залуу бүсгүй ажлаасаа халагдсан нь нэг бодлын хувь тохиол гэлтэй. Хэрвээ тэр ажлаасаа халагдаагүй бол баян айлд тэргэнцэртэй залууг асрахаар очихгүй л байлаа. Хоёр өөр ертөнц, хоёр өөр нийгэм нэг байшинд хамт байх үед зөрчил үүснэ. Гэвч энэ зөрчил гайхамшигтай хайрыг бий болгож байгааг тэд яаж мэдэх билээ? Тэгээд ч хайр сэтгэлд нийгмийн гарал угсаа, зааг ялгаа гэж байдаггүй.
A Werewolf Boy
БНСУ-ын хайрын сэдэвтэй нэг ангит кинонууд үнэхээр гоё санагддаг. Энэ кино гэхдээ л нэг л өвөрмөц. Олон жил ууланд амьдарсан бидний мэдэхээр тарзан, маугли шиг болчихсон залуу тосгонд ирдэг. Охин түүнд соёлт нийгмийн бүхий л зүйлсийг заах явцат тэдний дунд хайр оч асна. Гэвч хүү багаасаа ууланд амьдарсан, зэрлэг араншин нь үе үе сэдэрснээс бол тэднийг хамт байх боломжгүй болгодог. Гэхдээ хайрын төлөө юу хийж, юуг золиослож болдог вэ гэдгийг уг киноноос харж болно. Мөн үнэнч хайранд цаг хугацаа гэж огтхон ч байдаггүй. Хүлээ гэсэн үг хэрвээ хайртын чинь амнаас гарсан бол хүлээх л учиртай …
3 метра над уровнем неба буюу Тэнгэрээс дээш 3 метрт
Нутгийн танхай залуу Аче. Чинээлэг айлын охинд/Баби/ нэг мэдэхэд л дурлачихдаг. Гэхдээ Ачигийн ертөнц Бабид маш их таалагдаж, мөн л дурлаж орхино. Ээдрээ зөрчил давхаргын ялгаанаас үүдэлтэй. Харин энэ ээдрээг залуусын дэврүүн хүсэл бие биедээ тэмүүлэх сэтгэл л давж гардаг. “Тэнгэрээс дээш 3 метрт” нэгдүгээр ангид гэгээн хайрын тухай гардаг ч үнэхээр залхаад зугтмаар явдлууд тун их. Мотоциклтэй танхай залуу, сэхээтэн гаралтай журамт айлын охины дунд үүссэн хайр бас ээдрээ энэ киноны утга учир. Гэхдээ нэгдүгээр ангиасаа хоёрдугаар ангид надад илүү их таалагдсан. Яагаад ч юм гудамжны эрх дураараа Аче ухаан сууж, бүхнийг эрэгцүүлж байгаа нь мөн өөр шигээ боловч биеэ бүрэн даачихсан бүсгүй амьдрал нь гарч ирж хуучны гунигт дурсамжийг мартуулж, байгаа нь таалагдсан. Сонирхолтой уйдамгүй кино.
If I Stay
Ер нь хайр гэнэтийн л байдаг. Энэ кино бас л гэнэтийн хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Сонгодог хөгжим тоглодог уйтгартай охины амьдралд рок хөгжимчин залуу өнгө нэмнэ. Гэвч замын ослын дараа охин сүнс тэнүүчилж, эцэг, эхийнхээ хайр сэтгэлийн түүх болоод өөрийнхөө хайрын тухай илүү ихийг олж мэднэ. Заримдаа өөрийгөө, эсвэл өөр хэн нэгнийг далдын хар малгай өмсөж байгаад харах юмсан гэж бодогддог байлгүй. Тэгвэл охинд тийм л аз тохионо.
Suddenly Seventeen
Метронд нэг царайлаг залуу найзын хамт орж ирнэ. Өөдөөс нь харж суусан бүсгүй түүнийг өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр зурна. Залуу зурж байгааг нь мэдсэн ч зөөлөн инээж түүн рүү харцаа буруулсаар. Энэ үед найз нь бүсгүйн зургийг утсаараа дарснаас болж бүсгүй гэнэт цочиж, метроноос гараад гүйчихлээ. Энэ бол фейсбүүк дээрх тус киног олж үзэх хүсэл төрүүлсэн бичлэг юм. Яг үнэндээ 28 настай ч найз залуутайгаа хуримаа хийж чадалгүй явсаар байгаа нэгэн бүсгүйн амьдралын тухай кино юм. Бүсгүй нэг удаа шидэт чихэр идснээр 17 насандаа очно. Эндээс л адал явдал эхэлдэг. Уг нь 28 насандаа хуримаа хийх хэмжээнд хүрсэн найз залуутай. Гэтэл 17 насандаа өөр нэгэн залуутай учирдаг. Царайлаг, эелдэг. Хэн нь түүний жинхэнэ хайр вэ?
Титаник
Энэ киног мэдэхгүй хүн ховор байлгүй дээ. Гол нь тэр том хөлөг онгоцонд хоромхон хугацаанд бие биедээ дурласан залуус, эцсийн мөч хүртэл яаж тэмцэж байгаа тухай энэ кинонд өгүүлдэг.
Эдгээр кинонуудад гэнэтийн гайхамшигтай хайр дурлал, мөн ээдрээ, түүнийг хэрхэн давж, жинхэнэ хайраа хамгаалж байгаа тухай өгүүлдэг. Тиймээс хайрттайгаа хамт суугаад үзэхэд хамгийн тохиромжтой кинонууд хэмээн үзэгчид үнэлсэн байна. Хайрын сэдэвтэй энэ жагсаалтад ороогүй өөр олон кино бий л дээ. Хүйтэн уул, Сувдан эрэг, Форист Гамп гээд олон хайрын сэдэвтэй кинонууд энд бичигдэлгүй үлдлээ. Гэхдээ киног зүгээр л үзээд суух бус тэндээс авсан мэдрэмжээ амьдрал хэрэгжүүлж, жинхэнэ хайр чинь мөн бол түүнийхээ төлөө тэмцдэг байхыг л залуус та бүхнээсээ хүсч байна.