Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Засгийн газарт зөвлөмж өгчээ


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ.
Зөвлөмжид:

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусгаж байсан. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл өгсөн билээ.

Гэвч өмнөх Засгийн газрууд хүйтний улиралд буюу газар, зам харгуй хөлдүү, цас мөс, халтиргаа гулгаатай жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаа буюу өвөл, хаврын хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэрийгудаа дараа гаргаж байсан. Үүнээс болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан байна. Зарим тохиолдлоос дурдвал;

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн;
“Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарны шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан;
Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг “Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азрага, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан;
Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд морьноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан;
Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд “Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаанд 2 хүүхэд морьноос унасан;
Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;
Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныгзохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус тус гарсан гарсан байна.
Комисс улс, бүс, аймаг, сумын наадам болон хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг тухай бүр анхааруулж ирсэн төдийгүй энэ асуудлаар НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.”, 24 дүгээр зүйлийн 3-т “Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын төр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байдаг.

Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “…Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно…” гэж заасан байдаг.

Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсаас ирүүлсэн 5 дугаар тайланд өгсөн зөвлөмжийн 11.С-д “Унаач хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, бие махбодын шийтгэл, хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэгчдэд мониторинг хийх, тэдний үйл ажиллагааг зохицуулах, төрсний гэрчилгээний олголт зэрэг асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх”-ийг зөвлөсөн байна.

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллага 1989 онд баталж, манай улс 1990 онд соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Хүүхдийн эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд харгалзаж, 2010 онд НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр, наадмыг “соёлын биет бус өв” гэж бүртгэж хүлээн зөвшөөрснийг хүндэтгэж, хүүхдийнэрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргахгүй байхыг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ” гэсэн байна.

 

Санал болгох мэдээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. …