Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн.
Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан байна.
Өнөөдрийн байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгийн нийт 10,200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан бөгөөд улсын хэмжээнд явц байдал 29.2 хувьтай байна” гэж мэдэгдлээ.
Харин АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалаг “Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Батбаярын мөрдөн шалгагдаж байсан хэрэг дээр нэмж шалгах хэрэг гарч ирсэн тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
УИХ-ын гишүүн Гантулгад холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Түүнээс байцаалт авсан.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж прокурорт шилжүүлсэн.” гэж мэдэгдэв.