Татвар нэмэхгүй гэж амлалт өгч олонхийн саналыг авсан МАН амлалтаасаа буцаж, “Олон улсын валютын сангийн шаардлагаар” гэсэн халхавчтай хэд хэдэн татвар нэмчихлээ. Харин үүнийг иргэд аж ахуйн нэгжүүд эсэргүүцээд байсан учраас шатахуун импортлогчидтой нийлж байгаад хэд хоног хязгаарлалт хийж, үймсэн олныг дарж авлаа гэх мэдээлэл цахим хуудаснаа бичигдэж байна. Төр минь иргэдээ арай ч ингэж дамшиглаагүй байлгүй дээ гэж итгэл алдарч сууна.
Гэхдээ татвар нэмэгдээд эмнэлэг, сургууль,цэцэрлэг баригдаж байгаа бол дургүйцээд байх юм алга. Даанч татвар нэмэгдлээр төрийнхөн өөрсдөө тансаглаад байна уу гэдэг хардлага байдаг учраас л эсэргүүцээд байгаа юм.Үүнийг хар л даа. 2017 оны цоо шинэ загвар Хууль зүй, Дотоод хэргийн яамны гадаа зогсож байна. Хөдөө явахын аргагүй болтол нь тоногложээ. Тэгэхээр хот дотор л унах нь ойлгомжтой. Маяктай байгаа учраас аль нэг хэлтэс албадын даргыг зөөдөг унаа болов уу. Ц.Нямдорж сайд ийм машин хөлөглөж зиндаархахгүй байлгүй бодогдоод тэр шүү дээ.
Уг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа тун аятайхан захирамж гаргаж байсан юм. Тэр нь төрийн албаныхан хотод жийп машин унахыг хориглосон захирамж байлаа. Нэг хэсэг манай дарга нар овоо захирамжийг дагаад дажгүй болж байсан ч буцаад л жийп машин руугаа шилжжээ. Гэхдээ бүр цоо шинэ рүү шүү. Энэ машин Монголын зах зээл дээр 280 саяас дээш үнэтэй худалдаалагдаж байгаа.
Тоноглож, янзалвал үүнээс ч үнэтэй болох болов уу. Тэгвэл Хууль зүй, Дотоод хэргийн яамны эрх дархтан тоноглосон ганган машинаар ямар ажил амжуулдаг бол? Цаг хугацаатай уралдах гэж ийм сүрхий машин хөлөглөдөг юм уу? Гэвч улсаа бүсээ чангалж, өрнөөс өрний хооронд аж төрж, иргэд нь авдаг хэдээсээ хасуулж, татвар нь хүртэл нэмэгдчихээд байхад төрийн байгууллага нь цоо шинэ машин авч гангараад байх нь хэр зохимжтой вэ. Яамны нэг эрхэм ийм машин унахгүй бол монголын хуулийн салбарын ажил зогсчих гээд байна л гэж битгий тайлбарлаарай. Үндсэн хуулийн цэцийн дарга “Би бол Монголын дөрвөн номерийн хүн. Нэг муу соната унаж байна” гээд машинаа голсон шиг юм ярихгүй байх гэж итгэж байгаа шүү. Тэгээд ч энэ нийгэмд шинэ машинаар тансаглаад байх ямар ч боломжгүй гэдгийг бүгд л үглэж байгаа шиг санагдах юм.
Гэтэл тэгэхээс тэгэх гэж цоо шинэ дээр нь хөдөө явахааргүй болтол нь тоноглочихсон машинаа түмний нүдэн дээр зогсоочихоод таахалзаад байх юм энэ төрийн байгууллагууд. Ийм байхаар чинь иргэд татварын нэмэгдлийг эсэргүүцэхээс өөр яах юм бэ. Та нар тансаглаж, бид бүсээ чангалах ёстой юу?