Сургамжит өгүүллэг: Амьдралыг өөрчилсөн мөч

Манай ангийн нэг хүүхэд харьж явах нь харагдав. Түүнийг Роберт гэдэг юм. Бүх ном дэвтрээ, сургуулийн хувцас хунараа барьчихсан явж байлаа. Би дотроо “Энэ нөхөр ч сургуулийн шүүгээнд зарим юмаа хийгээд үлдээчихэж мэдэхгүй мангар амьтан байна даа” гэж бодож байв. Тэгээд долоо хоногийн сүүлээр тоглох хөлбөмбөгийн тэмцээнийхээ талаар бодож байлаа. Ингэж бодоод явж байтал өөдөөс нэлээд хэдэн хүүхэд гүйгээд ирэв. Тэд Робертын хажуугаар өнгөрөхдөө түүнийг дайран унагав.

Роберт өнхрөн шавар дээр унаж, барьж явсан бүх юм нь гараас нь алдрав. Нүдний шил нь ч бас унажээ. Өндийн босч байгаа түүний харцнаас би маш их гунигтай байгааг нь ажигласан юм. Дотроо түүнийг өрөвдөн шууд л гүйж очин тусалж байхдаа, түүний нүд нулимсаар дүүрсэн байгааг ажиглав. Нүдний шилийг нь газраас авч өгч байхдаа би түүнд “Эднийг битгий TOO!” гэхэд тэр маш их баярлан “Баярлалаа!” гэв. Газар унасан түүний номыг авч байхдаа гэр нь хаана байдгийг асуув. Тэгээд түүний гэр нь манай ойролцоо байдгийг нь мэдлээ. Би харайн босч, “Би яагаад чамайг огт хараагүй байдаг билээ” гэв.

Роберт надад хувийн сургуулиас энгийн сургуульд өөрөөр хэлбэл манай ангид шилжиж ирснээ тайлбарлав. Ингэж би анх удаагаа хувийн сургуулийн хүүхэдтэй танилцаж билээ. Уг нь бол тийм ч гунигтай хүү биш байлаа. Харин ч хөгжилтэй байлаа. Бидэнтэй хамт хөлбөмбөг тоглохыг урихад дуртайяа хүлээж авав. Амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүллээ. Роберт ганц надад ч биш бусад найзуудад маань ч таалагдсан юм.

Даваа гаригийн өглөө түүнтэй нөгөө л олон номоо буцаагаад сургууль руу зөөж байхтай нь тааралдав. Би түүнд “Найз минь чи ингэж их ном зөөгөөд байх юм бол гарын чинь булчин зангираад өгөх юм байна даа” гэхэд тэрээр дотноор инээмсэглэн талыг нь надад бариулсан юм. Тэр өдрөес хойш бид хоёр дотно үерхэж эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа дунд сургуулиа төгслөө.

Лицейгээ төгсөж их сургуульд орох боллоо. Роберт Нью-Йоркийг, би Техасыг зорихоор болов. Бид бие биеэсээ холдсон ч гэсэн үерхэл маань үргэлжилнэ гэдэгт хоёулаа итгэж байлаа. Тэр анагаахын сургуульд сурч, би хөлбөмбөгийн багийн тэтгэлгээр менежмент сурахаар болов. Роберт дунд сургуулиа онц дүнтэй төгсөж нэгт орсон юм. Би түүнийг үргэлж “Чи ч номын хэнхэгтэй хүн шүү” гэж явуулдаг байлаа.

Төгсөлтийн баяр болоход сургуулийн захиргаа Робертийг баярын ёслол дээр үг хэлэхийг хүсэв. Ёслолын танхимд найз минь тун их ичингүйрэн орж ирсэн ч нүдний шилтэй царайлаг сайхан залуу харагдаж байлаа. Охид түүн рүү их шохоорхсон байдлаар харж байсан учир ялимгүй атаархал төрж байсныг нуух юун. Түүний дэргэд очин “Чи чадна. Битгий сандар” гэж зоригжуулав. Найз минь “Баярлалаа” гээд индэрт гаран хоолойгоо засаад ярьж эхлэв.

“Өнөөдөр бол бидний, бидэнд тусалсан, хүнд хэцүүг даван туулахад минь дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархах өдөр юм. Ээж, аав, багш, багийн дасгалжуулагч… ялангуяа найз нартаа! Энд би та бүхэнд нөхөрлөл бол хамгийн нандин бэлэг гэдгийг хэлье. Та бүхэнд нэгэн түүх ярьж өгье” гэж хэлээд Роберт, бид хоёрын танилцсан өдрийг ярьж эхлэв. Би гайхан дэргэдэх хүмүүс рүүгээ харж байв. Бид хоёрын танилцсан тэр өдер Роберт амиа хорлохоор явж байжээ.

Ном, хувцсаа барьж явсны шалтгаан нь үхсэнийх нь дараа ээж нь ирж юмыг нь авч явахад хэцүү байна байх гэж бодсоных гэнэ. Харин даваа гаригийн өглөө эргүүлээд авч явж байсан нь амиа хорлохоо больсных байв. Ярианы төгсгөлд Роберт “Баярлалаа найз минь, чи намайг тэр өдөр аймшигт төгсгөлөөс аварсан юм шүү”  гээд над руу харав.

Сургуулийн хамгийн сурлагатай сурагчийн хамгийн нууцлаг түүхийг сонсож байхдаа том заал нам гүм болсон байлаа. Робертийн аав ээж над руу гүнээ талархсан байдалтай харж байлаа. Би энэ олон жил тэр өдрийг түүнд тийм ихээр нөлөөлснийг огтхон ч мэдээгүй юм.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …